Өчигдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийн талаар Төрийн ордонд сүр дуулиантай хэвлэлийн бага хурал болоод өнгөрлөө. Товчхондоо 2025 оны төсвийн тодотголоос тэнцвэржүүлсэн орлого 4.6% өсөж ₮31.6 их наяд, зардал 4.5% ихсэж ₮33 наядад хүрэх аж.
🔻 Тойм зураглал
Ирэх жил төсвийн алдагдал ₮1.4 их наядад хүрэх ба энэ нь 2025 оны тодотгосон төсвийн алдагдлаас 1.2% өссөн дүн юм. Олон жилийн дунджаас харахад, төсвийн тэнцвэржүүлсэн орлого жилд дунджаар 15.9% өсөж байгаа бол төсвийн зарлага 14.4% нэмэгджээ. Энэ удаагийн төсвийн төсөл нь иргэдийн саналыг шингээсэн гэдгээрээ өвөрмөц бөгөөд төсвийн төслөөс дараах тоонуудыг онцолж байна.
188 мянга: Цахимаар 188 мянган иргэн санал өгсөн ба энэ нийт насанд хүрсэн хүн амын 8.2% аж.
35.6%: Нийт санал өгсөн иргэдийн 35.6% нь 2026 онд шинээр эхлүүлэхгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтаар соёлын төвийг сонгожээ.
90 сая тн: Ирэх онд 90 сая тн нүүрс, 1.9 сая тн зэсийн баяжмалыг экспортолно.
$133.7: Нэгдсэн төсвийн орлогын тэнцвэржүүлсэн журмаар нүүрсний үнийг тн тутамд $133.7 байхаар тооцов.
₮29.7 их наяд: Ирэх онд татварын орлого ₮29.7 их наяд байхаар төсөвлөсөн нь өнгөрсөн оны мөн үеэс ₮1.4 их наядаар нэмэгдсэн дүн юм.
31.1%: Орлогын албан татвар ₮9.2 их наяд байгаа нь нийт татварын орлогын хамгийн их буюу 31.1%-ийг бүрдүүлэх аж.
₮2.4 их наяд: Ирээдүйн өв санд 2026 оны төсвийн жилд ₮2.4 их наядыг хуримтлуулна.
Эцэст нь… Ерөнхий сайдын хэлснээр, энэ төсөв нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой шинэчлэл ба иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн дэмжлэгийг тодотгож, татварын ачааллыг бууруулсан гэдгийг онцолжээ. За тэгээд УИХ-аар батлагдсаны дараа хөрсөн дээрээ хэрхэн буухыг хамтдаа харцгаая. 🤔