Хэд хоногийн турш олны анхаарлыг татаж, улс төрийн халуухан сэдэв байсан Ардчилсан нам (АН)-ын даргын төлөөх сонгууль Ням гарагт болж намын шинэ даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл сонгогджээ.
📺 Сонгуулийн эргэн тойронд
АН-ын даргын төлөөх тулаанд тус намын О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, Б.Отгонбат нар өрсөлдөж Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 62% буюу 196 саналыг О.Цогтгэрэл авч ялалт байгуулжээ. Сонгуулийн өмнө нэр дэвшигчид телевизийн шууд эфирээр “Эрх чөлөө-Эргэлтийн цаг” гэх сэдвийн дагуу мэтгэлцсэн нь Монголын улс төрд жишиг тогтоосон үйл явдал байлаа.
💰Босго зардал: Сонгуулийн зардлыг анх ₮408 саяар 2 нэр дэвшигч өрсөлдөхөөр тооцсон ч бодит байдал дээр 4 нэр дэвшигч бүртгүүлж, тус бүрээс ₮200 саяыг хураан төвлөрүүлжээ. Нэр дэвшигчдийн бүртгэл дууссаны дараа илүү гарсан мөнгийг нэр дэвшигчдэд буцаан олгосон аж.
🐝 Шинэхэн дарга
Эдийн засагч мэргэжилтэй тэрээр 2 удаа дараалан УИХ-д сонгогдсон бөгөөд ТЭСО Группийн хувьцаа эзэмшигчдийн нэг. Тэрээр “Шинэ Монголоо цуг бүтээнэ” уриатай мөрийн хөтөлбөрөөрөө хууль эрх зүй, эдийн засаг, улс төр зэрэг бүхий л салбарт хийх шинэчлэлийг зөвхөн АН-ын хүчээр бий болгох боломжтой гэдгийг онцолжээ.
🛣️ Экс даргын замнал
АН-ын экс дарга Лу.Гантөмөр 2023 оноос хойш намаа удирдаж өнгөрсөн УИХ-ын сонгуулиас АН 42 суудал авахад жинтэй үүрэг гүйцэтгэсэн. Улмаар эвслийн ЗГ-т намаа нэгтгэж нэг жил орчмын хугацаанд ЗГ-ын Тэргүүн шадар сайдаар ажилласан ч ЗГ огцорсны дараахан намын даргаа албан тушаалаас буухаа мэдэгдэж ажлаа өгөөд байна.
Цаашид… Шинэхэн АН-ын дарга намаа ирэх 5 сонгуульд дараалан ялалт байгуулах амбицтай гэдгээ хэлээд амжсан. Мөн дахин хамтарсан ЗГ-т орохыг хувьдаа дэмжихгүй ч намын гишүүдийн олонхын шийдвэрийг дагахаа мэдэгджээ. Ирэх хугацаанд шинэхэн дарга намаа хэрхэн удирдах бол? 👀