Энэ оны эхний хагаст даатгалын хураамжийн орлого 2024 оны мөн үеэс 10.5% нэмэгдэж ₮245.5 тэрбумд хүрсэн бөгөөд Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 5 ХК-ийн хувьд нийт хураамжийн орлогын 41.7% бүрдүүлсэн аж.
🦖 Салбарын тойм
Хураамжийн орлогыг задлаад харвал дийлэнх буюу 85.8% нь сайн дурын даатгал, 12.9% нь албан журмын даатгал, 1.3% нь амьдралын даатгал байсан аж. Даатгалын хураамжийн орлого өсөхөд гэнэтийн осол, эмчилгээний даатгалын хураамжийн орлого 36%, авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 11.9%, агаарын хөлгийн даатгалын хураамжийн орлого 40.6% тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
🛡️ Нөхөн төлбөр: Энэ оны эхний хагаст ₮88.2 тэрбумыг даатгалын нөхөн төлбөрт олгосон нь 2024 оны мөн үеэс 26% өссөн дүн болжээ. Голлох шалтгаан нь гэнэтийн осол, эмчилгээний даатгалын нөхөн төлбөр 75.5%, агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр 2.7 дахин, авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр 14.2% өссөн явдал байв.
🧗🏻♂️ $MSE-н хэд маань яав?
Олон нийтэд нээлттэй 5 ХК-ийн энэ оны эхний хагас жилийн нийт хураамжийн орлого 2024 оны мөн үеэс 5.1% өсөж ₮102.3 тэрбумд хүрчээ. Хураамжийн дүнгээр ₮29.1 тэрбумын орлоготой ажилласан Бодь Даатгал (BODI) тэргүүлж байгаа бол удаах байранд ₮22.8 тэрбумын орлого олсон Мандал Даатгал (MNDL) орсон аж. Цаашлаад нухацтай тоо ярья.
💰 Цэвэр ашиг: $MSE-д бүртгэлтэй 5 ХК-ийн цэвэр ашиг ₮10.6 тэрбумд хүрсэн нь салбарын нийт цэвэр ашгийн 35.3% тэнцэх дүн юм. Тэнгэр Даатгал (TGI)-ын хувьд ₮4.4 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж бусад ХК-иудыг тэргүүлжээ. Үүний араас ₮2.9 тэрбумын ашигтай ажилласан $MNDL орсон аж.
Эцэст нь… Санхүүгийн тогтолцооны тулгаар баганын нэг даатгалын салбарын 2025 эхний хагас жил нэг иймэрхүү. Даатгалын компаниудын хувьд үлдсэн хагаст харилцагч татах, орлогоо нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авах бол? 🔮