АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Зээлжих зэрэглэлийн оноо
yld

“Бүрэн Скор ЗМС” ХХК Монголд анх удаа хэрэглээний зээлийн шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх Финтек скорыг нэвтрүүллээ. Яаж ажиллана гэсэн үг вэ?  

Зээлийн оноо гэж юу вэ? 

Кредит скор буюу зээлийн оноо гэдэг нь тухайн зээлдэгчийн ​​зээлжих чадварын тоон илэрхийлэл бөгөөд ихэвчлэн 300-аас 850 хооронд хэлбэлздэг. Энэ нь зээлдэгчийн тухайн зээлийг хугацаанд нь төлөх магадлалыг үнэлэхэд тусална гэсэн үг.  

Монголд хэрэгтэй юу?

Өнгөрсөн оны эцсийн байдлаар Монголын 1.6 сая иргэн ББСБ-д дунджаар ₮2.3 саяын зээлтэй байгаа. Уг зээлдэгчдийн 82.4% буюу 1.3 сая зээлдэгчид финтекээр дамжуулж зээл авснаар нийт зээлийн хэмжээний 20.6% буюу ₮758.5 тэрбумыг бүрдүүлж буй. Түүнчлэн ББСБ-уудын нийт цэвэр зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 7.5% байгаа нь IPO хийсэн 6 банкны дунджаас 1.8 нэгж хувиар илүү байгаа юм.  

Тэгэхээр: Монголд аль хэдийн финтек платформоор дамжуулан зээл авах трэнд бий болсон тул Финтек скорыг нэвтрүүлэх нь зээлийн эрсдэлийн үнэлгээ, шийдвэр гаргалтыг сайжруулах ач холбогдолтой.

АI & Финтек скор

Тэгвэл “Бүрэн Скор ЗМС” ХХК-ийн нэвтрүүлж буй Финтек скор нь AND Solutions-н хөгжүүлсэн AI моделийг ашиглан харилцагчийн зээлийн эрсдэлийг 300-999 оноогоор тодорхойлж гаргана. Уг оноо нь зээлийн чанаргүйдэх эрсдэлийг тодорхойлох бөгөөд оноо өндөр байх тусам эрсдэл бага гэж үзэх юм. Улмаар Финтек скор нь ₮5 сая хүртэлх барьцаагүй зээлийн чанаргүйдэх эрсдэлийг тодорхойлж шийдвэрлэх аж.  

Нэвтрүүлэгч: Финтек скорыг нэвтрүүлж буй “Бүрэн Скор ЗМС” ХХК нь 2021 онд Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авсан анхны байгууллага болжээ. Тэд зээлийн мэдээллийн санг бүрдүүлж, зээлийн лавлагаа олгох, зээлдэгчийн зээлжих зэрэглэл тогтоох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй.

Юутай ч, Монголд хэрэглээний зээлийн шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх зээлийн оноо нэвтэрч байгаа нь зээлд хамрагдах үйл явцыг хялбаршуулж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг үр дүнтэй удирдах боломжийг олгох нь ээ.