Сүүлийн 10 жилд МХБ (MSE)-д бүртгэлтэй ХК-иудын жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 1.9 дахин өсөж 617.1 мянгад хүрчээ. Мөн жижиг хөрөнгө оруулагчдын тоо жилд дунджаар 7.9% нэмэгдэж буй ч хувьцааны төвлөрөл сайжрахгүй хэвээр байна.
🧰 Том тойм
Энэ оны эхний хагаст $MSE-д бүртгэлтэй 319 ХК-ийн хувьцааны бүтцээс харахад нийт хувьцааны 86.3%-ийг 1,066 нөлөө бүхий хувьцаа эзэмшигч төвлөрүүлжээ. Харин 617.1 мянган жижиг хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 13.7%-ийг эзэмшиж буй. Сонирхуулахад, сүүлийн 10 жилд нийт гаргасан үнэт цаасны тоо 3.5 дахин нэмэгдсэн бөгөөд энэ хугацаанд $MSE дээр нийт 27 ХК-ийн IPO хийгджээ.
📸 ТОП-20 зураглал
Энэ оны эхний хагас жилээр томчуудыг ажиглавал нөлөө бүхий нийт 61 хувьцаа эзэмшигч тухайн компанийн дунджаар компанийн 79.8%-ийг эзэмшдэг аж. Харин жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмшил дунджаар 20.2% байгаа юм. Өөр сонирхолтой тоо юу байна?
34.3 мянга: ХААН Банк (KHAN)-ны жижиг хувьцаа эзэмшигч 34.3 мянгад хүрснээр хамгийн олон жижиг хувьцаа эзэмшигчтэй компани болов.
40.1%: ТОП-20 компаниас нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшил хамгийн султай нь Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) ба 5 том хувьцаа эзэмшигч компанийн 40.2%-ийг эзэмшдэг аж.
8: Инновэйшн Инвестмент (QPAY) нь 8 нөлөө бүхий хувьцаа эзэмшигчтэйгээр ТОП-20 компанид тэргүүлж байна.
Эцэст нь… Хөрөнгө оруулагчдын тоо жилээс жилд өсөж байгаа нь таатай ч хувьцааны төвлөрөл хангалтгүй хэвээр буй нь бага зэрэг гунигтай. Наад захын жишээ бол жижиг хувьцааны эзэмшигчдийн эрх ашиг заримдаа оюуны өмчийн маргаан мэт үл тоогдох нь бий. 😬