Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал асуулга авч байгаа. Өнөөдөр уг санал хураалтын хугацаа дуусах бөгөөд өчигдөр өглөөний байдлаар 167.7 мянган хүн санал өгчээ. Тэгвэл 2026 оны төсвийн цаана юу нуугдаж байна вэ?
🎯 Байгаа онодоггүй төсөөлөл
Жил болгоны төвийн төсөл өмнө нь төсөөлж байснаасаа хэт өссөн байдаг. Нэмээд төсөвт шингэсэн нүүрс, зэс, алтны үнийн төсөөлөл үргэлж бодит байдлаас хөөрөгдсөн байдаг билээ. Яг энэ жишгээр 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл дэх нийт орлого нь 2024 оны төсвийг батлах үед хийсэн төсөөллөөс 39% буюу ₮9.4 их наядаар, нийт зарлагын дээд хэмжээ нь 30.4% буюу ₮7.8 их наядаар нэмэгдсэн аж. Тэгэхээр нийт орлого нь ₮33.5 их наяд, зардлын дээд дүн нь үүнтэй адил байна гэсэн үг юм. Ирэх жилүүдэд төсөөллөөс яаж өсөх бол доо?
🔺🔻 Ээлж, ээлжээрээ хэд хэдэн тэрбумаар
Цаашлаад, яамдууд өөрсдийн 2026 оны урсгал зардал, хөрөнгө оруулалтаа танилцуулаад буй. 2025 оны төсвийг хэлэлцэж байх үед ганц Эдийн засаг, хөгжлийн яамны төсвөөс бусдынх нь төсөв тэлж 2023 оны тодотголын дүнгээс 50.6% дээшилсэн байв. Харин энэ удаад Ерөнхий сайдын зардал 2025 оны батлагдсан төсвөөс 13.8%, Сангийн яамных ч 20.4% буурсан гэх мэтээр ташраараа бага зэрэг буурсан аж. Харин Эрчим хүчний яамных 32.3% нэмэгдсэн ч ₮460.1 тэрбум л байгаа юм.
😶🌫️ Хүсэвч хясна: Уг нь бол Эрчим хүчний яамны 2026 оны төсөлд ирүүлсэн санал нь ₮2.2 их наяд байсан аж. Биелшгүй дэврүүн хүсэл байв уу, биелүүлэх боломжгүй байв уу. Гайхмаар өндөр зөрүү. Хүссэн дүнгийнхээ ₮1.7 их наядыг шинээр эхлэх төсөлд хөрөнгө оруулахад зарцуулахаар тусгасан байж.
🧐 Саналын үр өгөөж ирэх үү?
Нөгөө талд олон нийтийн ирүүлсэн саналаас харахад 70% орчим нь татварын хувь хэмжээг бууруулах нь зүйтэй гэх санал өгсөн байгаа. Мөн ирэх оны төсвийн бодлогыг боловсрол, эрүүл мэнд, цахилгаан дулааны салбарт чиглүүлж халамж, соёл, аялал жуулчлал, зам барилгаа март аа гэж захисан байгаа.
📌 Үүнийг хэрэгжүүлэхийн тулд боловсрол, эрүүл мэндийн салбарт төсвийн шинэчлэл хийж, төсвийн саналыг эргэж харах шаардлагатай болно. Нөгөө талаас татварын хувь хэмжээг бууруулахын тулд НДС, халамжийн хувь хэмжээтэй уялдуулж шинэчлэх асуудал үүсэх юм. Юутай ч төсөв яаж батлагдах, татварын хувь хэмжээ яах ийхийг харж л байя даа.