Хиймэл оюун ухаан хөгжүүлэгч Perplexity Chrome-г худалдан авахаар $34.5 тэрбумыг санал болгоод байна. Нэмээд Chrome-г бүтээсэн Google (GOOG) компанид ашигтай байх хэд хэдэн нөхцөл тавиад байна. Худалдан авалтаа цэвэр бэлэн мөнгөөр төлнө гэж байгаа.
😎 Мөрөөднө чиг, мөнгө төлнө чиг
Өнгөрсөн хугацаанд Chrome-г асууж Yahoo!, OpenAI, DuckDuckGo тэргүүтэй хэд хэдэн компани Google-д бэл бэнчин, таатай нөхцөл гээд барьж болох бүхнээ л хадаг яндартай хамт өгөөд бүтэлгүйтэж явсан түүхтэй. Энэ удаагийн горилогч Perplexity-н хувьд Chrome-той нэг салбарын буюу AI хайлтын системээрээ чамгүй амжилттай яваа стартап. 2 сарын өмнө $14 тэрбумын үнэлгээтэй байсан бол сарын дотор нь үнэлгээ нь $4 тэрбумаар нэмэгдээд буй.
🐥🍼 Бэлчээр том: Google-д компанийн үнэлгээнээсээ хэтийдсэн том дүн санал болгосон нь олны анхаарлыг татаж байгаа ч арыг нь хөрөнгө оруулагчид нь дааж байгаа гэнэ лээ.
Chrome бол AI хөгжүүлэгчдийн хувьд жинхэнэ алтны уурхай л гэсэн үг. Энэ ч утгаараа хэзээ ч бүтэхгүй мэт харагдах ч тэдэнд итгэл төрүүлж буй зүйл нь Google хайлтын системийн монополын хэрэгт ялагдсан явдал. Өөрөөр бол ямар нэгэн байдлаар Chrome-с өрх тусгаарлах шаардлагатай тулгарч буй.
🛣️ Гарц
Хэдий тэд Chrome-н монополын хэрэгт ялагдал хүлээсэн ч одоохондоо албан шаардлагаар зарах дээрээ тулаагүй. Зарахын оронд $GOOG буцаагаад давж заалдах, хайлтын систем дээрээ Perplexity, Yandex зэрэг бусад хайлтын системүүдээс сонголт хийх функц нэмэх, аль эсвэл өрсөлдөгчидтэйгөө Chrome-н мэдээллийн санг хуваалцах гэхчлэн боломж бол байгаа.
Эцэст нь…. Chrome Америкийн хайлтын системийн 90%-ийг дангаар бүрдүүлдэг төдийгүй хайлтын системээсээ асар их зар сурталчилгааны орлого олдог. $GOOG Perplexity-н саналаас татгалзах магадлал 99%. Тэд Meta хэрхэн (META) Instagram, WhatsApp-г авч үлдэхээр тэмцэж байгаа шиг Chrome-н төлөө эцсээ хүртэл тэмцэлдэх нь тодорхой. Гол нь Америкийн Хууль зүйн яам технологийн томчуудын эзэнт гүрнийг задалж чадах уу, үгүй юу гэдэг л хамгийн сонирхолтой.