Өчигдөр 13 жилд 31 өөрчлөлт хийсэн Хөгжлийн банканд тайван амгалан амьдрал эхлэх эсэх тухай асуудал сөхөгдлөө. Энэ их хөл хөдөлгөөний дунд хөгжлийн банкны асуудал дэврэх үедээ дэвэрч, буцлах үедээ буцалж байсан билээ.
📌 Үйл явдал: Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал Хөгжлийн банкны удирдлагатай уулзан, цаашдын зарчим, яаралтай хийх ажил, хууль эрх зүйн чиглэлүүдийг тодорхойлсон юм.
🕉 Айдас арилгах тарни: Шахааны хүн холуур суха
Хөгжлийн банкны асуудлыг ширэглэж үзтэл тогтворгүй байдлын дүрс гарч ирж. Угаас өнгөрсөн 13 жилд хууль 2 удаа, ТУЗ 11 удаа, удирдлага 8 удаа, бүтэц 10 удаа өөрчлөгдсөн нь тогтворгүй засаглалыг томруулдаг шилээр харуулж буй. Харин энэ барцдыг Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй, олон улсын байгууллагын төлөөллийг оруулах урилга явуулах замаар арилгах шийдэл олж. Ингэж байж энэ банк “айх айдасгүй” ажиллах гэнэ.
🧐 Айлгах зүйл нь юу байв? Хөгжлийн банкны зарим томилгоо шударга бус. Энэ утгаараа тус банкны 6 захирлын 3-ыг нь цагдан хорьж, 1-ийг нь шалгаж байв. Улмаар 2021 оны эцэст ₮3.2 их наядын активынх нь ₮1.8 их наяд нь чанаргүй зээлд бүртгэгдэж, гол усаар шуурч байв. Үүний цаана боломж алдагдаж, эрсдэл үүсэж, итгэлцэл буурсан билээ.
🔍 Одоо юуг өөрчлөх гээд байна вэ?
Хамгийн түрүүнд засаглалыг тогтворжуулна гэнэ. Энэ хүрээнд АХБ, Дэлхийн банк, ЕСБХБ зэргээс төлөөлөл оруулж, ТУЗ-ийн хараат бус байдлыг хангах юм. Үүний дараа санхүүжилтийн төслүүдийг эрэмбэлнэ. Одоо яамдын хэмжээнд 149 төсөл төлөвлөгдсөн байгааг чухлаар нь эрэмбэлж санхүүжүүлэх нь. Үүнээс гадна эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх, зээлийн чанарыг сайжруулах даалгавар хүлээж буй.
Хүлээлт 🆚 Одоо
Энэ бүх өөрчлөлтийг хийсний дараа Хөгжлийн банк жинхэнэ утгаараа хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлж, гаднын экспорт руу чиглэсэн дэд бүтцийн асуудалд оролцох ёстой. Харин тэдний одоогийн нөхцөл байдлын хувьд өөрийн хөрөнгөө ₮1.5 их наядаар нэмэгдүүлж, олон улсын зах зээлээс $350 саяыг босгочихсон яваа. Өнөө чанаргүй зээлээс нь ₮891.9 тэрбум үлдсэн бөгөөд 2024 оны алдагдал нь жилийн өмнөхөөсөө 69% буурч ₮12.3 тэрбум болсон байдалтай байна.
Эцэст нь… Хөгжлийн банк зорилгоосоо хол хазайж, том алдаж үзсэн. Одоо засах замдаа яваа. Хэрэв зорилгынхоо дагуу ажилласан бол өнөөдөр цахилгаан тасрахгүй, том төслүүд гацаанд орохгүй байх боломжтой байв. Бидэнд тогтвортой байдал, шударга үнэн, оновчтой шийдвэр хэрэгтэй нь үнэн. Гэхдээ айх айдасгүй болгоно гэх мэтээр попрохоос илүү түс тас бодит үр дүн л чухал байна.