Шинэхэн буландаа тавтай морил. Бид “Mega Mining” булангаараа уул уурхайн томоохон төслүүдийн талаар мэдээллийг хүргэнэ. Энэ удаагийн дугаараар уул уурхайн мега төслүүд ямар нарийн төвөгтэй процесс туулдгийг судалъя.
Урт удаан процесс Өндөр өгөөж
Уул уурхайн мега төслүүд нь зөвшөөрөл авахаас эхлээд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нийгэмд үзүүлэх нөлөөллийн судалгаа хийх шаардлагатай болно.
Нэлээд урт: Цаашлаад тухайн төслийн хайгуулын болон олборлолтын үед ашиглагдах дэд бүтцийг бий болгох нь маш урт процесс. Улмаар уул уурхайн мега төслүүд санхүүжилт татахын тулд хэлэлцээр хийх шаардлага үүснэ. Энэ үед ТЭЗҮ, болзошгүй эрсдэлүүдийг судлах шаардлагатай.
Бодит жишээ: Чили дэх Коллахуаси уурхайн ордыг 1991 онд нээж, 1995 онд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг баталж, 1999 онд арилжааны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Эл урт хугацааг туулсны эцэст 5,099 ажилтантай болж, 2019 онд 565 мянган тн зэс үйлдвэрлэж, $3.1 тэрбумын орлого олжээ.
Хэдэн арван жил
Түүнчлэн Rio Tinto (RIO)-н Гвиней дахь төмрийн хүдрийн “Simandou” төсөл л гэхэд 27 жил дараалан хойшлогдсон. Учир нь уг төсөл нь асар том цар хүрээтэй тул 552 км төмөр зам, гүний усан боомт зэрэгт их хэмжээний хөрөнгө оруулалт, нарийн төлөвлөлт шаардлагатай байв. Энэ бүхний санхүүжилтийг хангах, ТЭЗҮ боловсруулах бэрхшээл тулгарсан тул 27 жил хойшлогдсоны эцэст энэ оноос л эхэлж буй.
Харин Оюу толгойн хувьд
Тус ордын нөөцийн дийлэнх нь байрладаг Хюга Даммит ордыг 2002 онд олж нээснээс хойш Rio Tinto 2009 онд хөрөнгө оруулж, 14 жилийн дараа буюу 2023 онд гүний уурхайгаас олборлолтоо эхлүүлсэн юм. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд нийт $15 тэрбум орчмыг Оюу толгойн ил болон гүний уурхайд оруулжээ.
Эцэст нь… Уул уурхайн томоохон төслүүд тухайн улсынхаа эдийн засагт маш том нөлөөтэй байдаг. Эдгээр төслүүд үр нөлөөгөө өгөхийн тулд хэдэн арван, магадгүй хэдэн зуун жилийг туулж буй. Монголд ч дараагийн Оюу толгой шиг том төслийг хэрэгжүүлэхэд ч нэлээдгүй хугацаа шаардлагатай биз ээ.