Өнгөрсөн 7-р сард Америкийн ТОП-500 компанийн хувьцаагаа эргүүлэн худалдан авсан дүн $166 тэрбумд хүрч, тухайн 7-р сарын хувьд түүхэн дээд түвшинд хүрлээ.
💫 Илүү олуулаа
Он гарснаас хойш компаниудын хувьцаа халааслалт $926.1 тэрбумд хүрсэн нь 2024 оны санхүүгийн бүтэн жилийн нийлбэр дүн болох $942.5 тэрбумтай ойртон очсон үзүүлэлт болжээ. Улмаар энэ онд дээд амжилтаа шинэчилж, анх удаа $1 их наядыг давах магадлал тун ойртсон гэнэ дээ.
📊 Трэнд: Сүүлийн 5 жилийн трэндийг харахад, компаниудын хувьцаа халааслалт I болон IV улиралд эрчимждэг аж. Хэрэв трэндээ дагавал 2025 оны үлдсэн хагас жилд илүү олон компани хувьцаагаа халааслах шийдвэр гаргана гэсэн үг.
☝🏻 Тодорхой улирал: Компаниуд ихэвчлэн I болон IV улирлуудадхувьцаагаа ихээр халаасалдаг шалтгаан нь нэгж хувьцаанд ногдох ашгаа (EPS) нэмэгдүүлэх, сул мөнгөн урсгалаа зохистой удирдах гэх мэт улирлын мөчлөг болон тайлангийн үр дүнгээс хамаарсан шалтгаанууд ихээхэн нөлөөлдөг аж.
🏃🏻♂️➡️ Шил, хүзүү дарагсад
Саяхан нэлээн олон компани уг цувааг үргэлжлүүлж, хувьцаагаа халааслахаар боллоо. Жагсаалт дотор Uber (UBER) $20 тэрбумаар, Airbnb (ABNB) $6 тэрбумаар, Америкийн эм, эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Lantheus Holdings (LNTH) $400 саяар хувьцаагаа халааслахаа мэдэгдсэн бол Германы томоохон телеком Vodafone (VOD.L) болон Японы автомашин үйлдвэрлэгч Subaru (FUH.MU) нар хувьцаагаа халааслах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.
🥧 Сектороор: Сонирхолтой нь S&P 500 (^GSPC)-н сагсан дахь компаниудаас технологи болон санхүүгийнхэн хамгийн идэвхтэй хувьцаагаа халаасалдаг аж.
🧩 Учиг: Технологи болон санхүүгийн салбарын компаниуд өндөр ашигтай, тогтмол мөнгөн урсгалтай байдаг учраас сул мөнгөн урсгалаараа хувьцаагаа эргүүлэн авч дотроо эргэлдүүлэх сонирхолтой байдаг гэнэ.
Эцэст нь… 2017 онд Доналд Трамп том компаниудын татварыг 35%-иас 21% болгон бууруулснаар жилийн дотор компаниудын ашиг 25% өсөж $1.3 их наядад хүрч байв. Үүний зэрэгцээ хувьцаа халааслалт $806 тэрбумд хүрч рекорд тогтоосон аж. Хувьцаа халааслах нь хувьцааны үнийн савлагааг бууруулж, өгөөжийг өсгөх зорилготой. Гэвч үүнд сул мөнгөн урсгал гол нөлөө үзүүлдгийг дээрх жишээ харуулах биз ээ.