Өвөр Монгол Хятадын өрийн өндөр эрсдэлтэй ангиллаас гарсан анхны муж боллоо.
🌡️ Дампуурахад ойрхон
2008 оны санхүүгийн хямралаас хойш Хятадын орон нутгийн удирдлагууд эдийн засгаа дэмжихийн тулд “Local Government Financing Vehicle” (LGFV) буюу тэдэнд мөнгө босгож өгөх тусгай компаниудыг байгуулсан. Хятадын хуульд мужууд шууд зээл авч болохгүй учраас тэдгээр компаниудыг ашиглан, газраа барьцаалаад банкнаас зээл авах эсвэл бонд гаргах замаар санхүүжилт татах юм. Ийм ч учраас тэдний гаргаж байгаа бонд, авч байгаа зээл орон нутгийн тайланд тусгагддаггүй далд өр гэж явдаг.
⛔ Гэвч цар тахал болон үл хөдлөх хөрөнгийн хямралаас үүдэн сүүлийн хэдэн жилд далд өр хурдацтай өсөж, мужуудын далд өр ДНБ-ий 50%-60 %-ийг даваад буй.
✖️ Нөхөх хормой ч үгүй боллоо
Улмаар өнгөрсөн 6-р сарын байдлаар орон нутгийн нийт өрийн хэмжээ ¥51.9 их наядад хүрээд байгаа. Улмаар өнгөрсөн 10-р сард ЗГ өрийн зохицуулалт хийж далд өрийг бууруулахаар ¥12 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Өвөр Монголын жишээ тус хөтөлбөрийн хүрээнд үр дүн гарсан эхний жишээ гэдгээрээ онцлог.
💡 Өвөр Монголын тухайд далд өрөө бууруулахын тулд зарим LGFV-ээ татан буулгаж, ¥240.4 тэрбумын үлдэгдэл өрийн ихэнхийг ¥1.2 их наядын албан ёсны орон нутгийн бонд руу шилжүүлэн нэгтгэж, газрын үнэлгээг шинэчилж ашиггүй төслүүдийг зогсоосон.
☝🏻 Улмаар нийт өр доторх далд өрийн хэмжээ 20%-иас бага хувийг эзлэх болсон юм.
🖼️ Ерөнхий зураглал
Эдийн засагч нар уул овоо шиг болсон орон нутгийн далд өрийг багасгах хамгийн үр дүнтэй шийдэл нь ЗГ ¥30 их наядын своп хэлэлцээр хийх гэж үзэж буй. Мужуудын далд өр томоохон төсөл, хөтөлбөртэй холбоотой байдаг учраас далд өрөө цэгцэлнэ гээд шууд зогсоох боломжгүй. Заримыг нь санхүүжүүлээд явахаас аргагүй байдаг аж. Үүнээс гадна компаниудын өр ДНБ-ий 123%-д хүрсэн гээд тус улсын нийт өрийг тооцоод үзвэл ДНБ-ий 300%-ийг давахаар.
Эцэст нь… Орон нутгийн далд өрийн ихэнх нь богино хугацаатай, өндөр хүүтэй бонд, зээл учраас өөрсдөө бие даагаад шийдвэрлэх бараг л боломжгүй. Нэмээд мужууд өрөөр биш тогтвортой орлогоос санхүүждэг болохгүй бол цаашид нөхцөл байдал улам л дордохоос дээрдэхгүй гэлцэх юм.