Маргааш Ашид Капитал ББСБ-ын охин компани болох Ашид Капитал ТЗК-ийн нээлттэй гаргаж буй Simple хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа эхлэх гэж байна.
⏩ Бондоос ХБҮЦ рүү
Ашид Капитал ББСБ нь Монголын хөрөнгийн зах зээлийн идэвхтэй тоглогч гэдгийг өмнө нь анхны рейтингтэй Simple I,II,III бондыг тус бүр гаргаж, нийтдээ ₮55 тэрбумыг татан төвлөрүүлснээс харж болно. Тэгвэл энэ удаа Ашид Капитал тусгай зориулалтын компаниараа ХБҮЦ танилцуулж, олон нийтээс ₮40 тэрбумыг татан төвлөрүүлэхээр болжээ.
💰 ХБҮЦ-ын тухайд
Simple ХБҮЦ-ны нэгж бүрийн үнэ ₮100 мянга, 24 сарын хугацаатай, жилийн хүү 18% байх аж. Хүүгээ улирал тутамд төлөх бол үндсэн төлөлтийг 2 хуваан 18 болон 24 дэх саруудад тэнцүү буюу 50%-тай тэнцэх хэмжээгээр төлнө. Жилийн хүүг нь харвал 1 жилийн хугацаатай, ₮-ийн энгийн хадгаламжийн дундаж хүүгээс 5 нэгж хувиар өндөр гэсэн үг.
🧩 Онцлог: Тус ХБҮЦ нь 936 зээлдэгчийн ₮45.2 тэрбумын үнэлгээтэй автомашины фидуц зээлээр баталгаажсан аж. Тус автомашины зээлийн хөрөнгийн багц нь санхүүгийн 23, хуулийн 11 шалгуурын хангасан, хэвийн эргэн төлөлттэй зээлээс бүрджээ.
👁️ Simple-г нэвт шувт
Өнгөрсөн онд Ашид Капитал ББСБ-ын гэрээт харилцагч 2023 оны мөн үеэс 14.2% өсөж 122 мянгад хүрсэн бол Simple апп-ийн таталт 21.7% нэмэгдэж 917 мянга болжээ. Зээл авсан харилцагчдын тоо 12.4% буурсан ч зээлийн багц 79% ихсэж ₮297 тэрбумд хүрсэн аж. Цаашлаад цэвэр ашгийн хэмжээ 2.2 дахин өсөж ₮23.7 тэрбумд хүрсэн байна.
Эцэст нь… Энэхүү ХБҮЦ-ны урьдчилсан захиалга өнөөдөр хаагдах ба маргаашаас буюу 8 сарын 7-ноос анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ. Андеррайтераар нь Ти Ди Би Секьюритис ҮЦК ажиллаж байгаа ба ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.