Зээ өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж Премиум Нэксус ХК (CUMN)-ийн ашиг арвинаар үржжээ. Юу болсныг сонирхъё.
📈 10 жилийн тэлэлт
Премиум Корпорэйшн 2015 онд өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар Сэнтрал Экспресс нэршлээр Монголын анхны конвиненс дэлгүүрийг нээснээс хойш 10 дахь жилтэйгээ золгожээ. Энэ хугацаанд $CUMN IPO хийж 10.3 мянган хувьцаа эзэмшигчтэй болж, 7 охин компаниар цар хүрээгээ тэлээд буй. Энэ бүхний эцэст $CUMN-н санхүү болон үйл ажиллагааны аль аль нь “А” дүн аваад байна.
📌 Өнгөрсөн - Өсөлттэй ч алдагдалтай: $CUMN-г IPO хийх үед хэзээ ашигтай ажиллах нь хэн бүрд сонирхолтой байсан. IPO-с өмнөх жилүүдэд компанийн борлуулалт тогтмол өсөж байсан ч тогтмол алдагдал хүлээдэг байлаа. Ашигтай ажиллахаас илүү цар хүрээгээ тэлэх нь чухал байсан хэрэг. Ингэж явсаар 2023 онд хуримтлагдсан ашиг нь ₮32.7 тэрбумд хүрсэн байв.
🔺 Одоо - Тэлнэ чиг, өснө чиг: Харин 2024 оны эхний хагаст анх удаа ₮10.7 тэрбумын ашигтай ажилласан билээ. Тэгвэл энэ оны эхний хагаст цэвэр ашиг нь 47.6% өсөж ₮15.7 тэрбум болсон байна. Үүнд борлуулалтын орлогын 37.3%-ийн өсөлт нөлөөлсөн хэрэг. Үүнээс гадна компани ₮99 тэрбумын хуримтлагдсан алдагдлаа 32% буюу ₮32 тэрбумаар бууруулжээ.
🤩 Илүү ногоон, илүү сайн: Цаашлаад компанийн нийт хөрөнгийн хэмжээ 21.7% өсөж ₮358.3 тэрбумд хүрсэн аж. Энэ бүх өсөлтийн үр дүнд жилийн өмнө хасах утгатай байсан нийт хөрөнгийн өгөөж нь 10.1% болж, цэвэр ашгийн маржин нь 4.3%, эргэлтийн харьцаа нь 72.4% болсон байна.
🏪 Үйл ажиллагааны өргөжилт
CU Конвиниенс дэлгүүрийн цар хүрээ Улаанбаатараар хэмжигдэхээ болиод удаж буй. 21 аймгийн 15-д нь CU-н салбар байдаг болжээ. Угаас компани энэ оны эхний хагас жилд 58 шинэ дэлгүүр нээж, 8 дэлгүүр хааж нийт 495 дэлгүүртэй болсны 16.6% нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй. Улмаар CU-р үйлчлүүлэгчдийн давтагдсан тоо жилийн өмнөхөөсөө 22.3% нэмэгдэж 32.9 саяд хүрч, харьцуулсан дэлгүүрүүдийн өдрийн дундаж борлуулалт 16% өсжээ.
Эцэст нь… Жинхэнэ өсөлтийн хувьцаа гэдгийн жишээг $CUMN харуулж байна даа. Нэмээд ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад 7-р байрт эрэмбэлэгдээд амжсан гэж байгаа. Цаашид хэр хэмжээний өсөлт гаргах бол?