Энэ оны эхний хагас жилийн байдлаар “Оюу толгой” ХХК 152 мянган тн зэс үйлдвэрлэж түүхэн дээд амжилт тогтоолоо.
⛏️ Нийт баяжмал
Уул уурхайн салбарт цахиур хагалж буй Оюу толгойн 2025 оны эхний хагаст нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлын хэмжээ 1,263.4 мянган тн-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 46.6% өссөн дүн болжээ. Энэ хагас жилийн хувьд 152 мянган тн зэс, 159 мянган тн алт, 952.3 тн мөнгийг тус тус үйлдвэрлэв. Бусад онцлох зүйлсийг харвал,
🎇 Зэсийн халуурал: II улиралд зэсийн үйлдвэрлэл гурван сар дараалан өмнөх үйлдвэрийн үзүүлэлтийг давж, эхний хагас жилийн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеэс 54.2% өсжээ. Мөн алтны үйлдвэрлэл 77.4% нэмэгдэж 159 мянган тн болсон аж.
🏅 Өдрийн рекорд: Өнгөрсөн 4-р сард гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэсэн хүдрийн рекорд шинэчлэгдэж нэг өдрийн хамгийн их тээвэрлэлт нь 47 мянган тн-д хүрчээ. Харин 5-р сард өдөрт дунджаар 37 мянган тн хүдэр тээвэрлэсэн байна.
🌏 Дэлхийд #2: Тэд энэ жил Монголд 1,300 метрийн гүнээс хүдэр тээвэрлэх дэвшилтэт туузан дамжуургыг анх удаа ашиглалтад оруулсан ба өдөрт 96 мянган тн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай аж. 2016 онд эхэлсэн тус бүтээн байгуулалт нь дэлхийд хэмжээгээрээ 2-т орж байна.
🇲🇳 Төсөвт яаж нөлөөлөв?
Оюу толгойн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг стадионы тоглолттой зүйрлэвэл тэд “headliner” буюу гоцлох том хамтлаг нь билээ. Учир нь тэд 2024 онд улсын төсвийн орлогод ₮1.1 их наядыг төвлөрүүлсэн бөгөөд энэ II улиралд гэхэд ₮558 тэрбумыг татвар хураамж, бусад төлбөрт төлөөд байна. Тэртээ 2010 оноос хойш гэхэд улсын төсөвт нийтдээ ₮13.1 их наядыг төвлөрүүлснээс ямар их нөлөөтэйг нь харж болно.
💰 Худалдан авалт: Өнгөрсөн II улиралд 771 ханган нийлүүлэгчээс ₮1.3 их наядын худалдан авалт хийсэн ба эдгээр нийлүүлэгчдийн 76% нь дотоодын компаниуд аж.
Эцэст нь… Оюу толгойн үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдсээр улс орны нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө ч өссөөр байна. Дахиад 10 ширхэг Оюу толгойтой болохын цагт манай улсын эдийн засаг ижил гараанаас эхэлсэн орнуудтай харьцуулахад нүүр улайлгахгүй байх нь лавтай… 💪🏼