Өмнө нь ТОП-5 банкны эхний хагас жилийн тайлангийн тоймыг хүргэсэн. Тэгвэл өнөөдөр бусад арилжааны банкнуудын сонин хачинд дурлая. Тэдний нийт хөрөнгө л гэхэд ТОП-5-ынхаас 8.6 дахин бага байна.
📌 Оршилд чимх: Системийн нөлөөгүй 7 банк бий ч Монголбанк 2020 онд Чингис хаан & Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг дампуурах эрсдэлтэйг мэдэгдсэн. Тус 2 банканд ТӨК-иудын ₮140 тэрбум гацсан, гаднын ХО татна гэх мэдээллүүд гарсан ч таг чиг. Тайлангаа хамгийн сүүлд 2024 оны I болон III улиралд л тавьж. Тэгэхээр өнөөдөр 5 банкны талаар дурдана.
🔺 ₮1.9 тэрбумын өсөлт
Капитрон, М тэргүүтэй 5 арилжааны банкны нийт хөрөнгө энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө дунджаар 44.3% өсөж нийлбэр дүн нь ₮7.5 тэрбумд хүрсэн байна. Энэ дундаа М банкны нийт хөрөнгө хамгийн ихээр буюу 114.3% өсжээ. Уг нь бол уг 5 банкны нийт хөрөнгийн дундаж өсөлт ТОП-5 банкныхаас 28 нэгж хувиар илүүрхсэн аж.
✈️ 50% давсан өсөлт: Учир нь тус 5 банкны харилцах, хадгаламжийн хэмжээ дунджаар 60% нэмэгдэж нийлсэн дүнгээрээ ₮4.6 тэрбумыг давжээ. Энэ утгаараа цэвэр зээлийн хэмжээ нь ч дунджаар 50% өсөж. Ингэж л нийт хөрөнгө тэлсэн хэрэг.
🧐 Өсөлтийн өгөөж муу
Харин цэвэр ашгийн хувьд, өнгөрсөн оны эхний хагаст М банкнаас бусад 4 банк ашигтай ажиллаж байсан ч энэ жил нэмээд Ариг банк алдагдалтай ажиллаж, Капитрон банкны цэвэр ашиг огцом буюу 92.8% буурсан байна. Улмаар тус 5 банкны нийт хөрөнгийн дундаж өгөөж (ROA) 0.6 нэгж хувиар буурч 0.2% болжээ.
🔖 Шалтаг шавар: Ашиг буурсан шалтгааныг Капитрон банкны жишээгээр харвал, өнгөрсөн оны II улиралд эрсдэлийн сангийн зардал гаргаагүй ч энэ жилийн эхний хагаст ₮17.6 тэрбумыг нөөцөлж. Улмаар цэвэр ашиг нь “хориос хоёр” тэрбум болсон аж. Ариг банк ч уг зардлаа огцом буюу 6 дахин өсгөжээ.
👼 Отгон банк: М банкны хувьд ч эрсдэлийн сангийн зардлаа 44.6% нэмсний дээр бусад зардал нь жилийн өмнөхөөсөө 135.1% өсөж хүүгийн цэвэр орлогоосоо 62% давсан тул алдагдал нь зузаарчээ. Авууштай нь байгуулагдаад 3 жил болж байгаа ч нийт хөрөнгийнхөө хэмжээгээр уг 5 банк дотроо 2-т эрэмбэлэгдэж буй.
Өөрийн хөрөнгө оруулсан болон байнга ашигладаг банкныхаа үзүүлэлт, сонин сайхныг анзаардаг байвал хэрэгтэй дээ. Дараагийн удаад ч сонирхолтой тойм нийтлэх тул товхимолтойгоо ойр байгаарай.