Ипотекийн зээлд хамрагдана гэдэг НӨАТ-ын сугалаанаас мөнгө хожих шиг л бэрх. Тэгвэл ЗГ-аас энэ асуудлыг шийдэхээр Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулахаар төлөвлөж эхэллээ.
🏠 Нөхцөл байдал
Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийг 2013 оноос ЗГ болон Монголбанк хамтран эхлүүлж, өнгөрсөн хугацаанд ₮9.2 их наядын хөнгөлөлттэй зээлийг 132 мянган зээлдэгчид олгожээ. Мөн 2021 оноос хойш энэхүү хөтөлбөрөөс гадуурх зах зээлийн нөхцөлтэй зээлийн хэмжээ эрс өсөж, шинээр олгосон зээлийн дүнгийн хувьд гэхэд тус хөтөлбөрөөс 1.5 дахин өссөн аж.
🌱 Яагаад хэрэгтэй гэж?
Хэрэв тус банк үйл ажиллагаагаа явуулж эхэлбэл орон сууцны зээлийн анхдагч эх үүсвэрийг бүрдүүлж, иргэд орон сууцны зээлийг илүү хүртээмжтэй буюу илүү олон өрх орон сууцны зээлд хамрагдах боломжтой болох юм. Үүнтэй холбоотой юун түрүүнд Орон сууцны санхүүжилтийн тухай хууль, эрх зүйн зохицуулалтыг батлах хэрэгтэй аж.
🇰🇷 Гадаад жишээ: Солонгос 2004 онд орон сууцны санхүүжилтийн тухай хууль баталж, төрийн өмчит Korea Housing Finance Corporation-г байгуулав. Уг банк нь Bogeumjari болон Didimdol гэх 2 төрлийн орон сууцны зээлийг хүмүүст санал болгох ба 20 жилийн хугацаанд 2.4 сая өрх Bogeumjari зээлийн тусламжтай орон сууцтай болжээ.
🌿 Нэг салаа мөчир
Үндэсний баялгийн сангийн нэг хэсэг болох орон сууц, боловсрол, эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх Хуримтлалын санд 2024 онд ₮497.5 тэрбум цугларсан. Харамсалтай нь энэ мөнгийг өмнөх ЗГ-аас ард түмэндээ барих хайр нэрээр талын нэг тараасан. Харин энэ онд тус санд 2024 оноос 2 дахин их дүн буюу ₮1 их наядыг татахаар төлөвлөж, үүнээс ₮500-600 тэрбумыг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулах гэнэ. Ирээдүйд шинээр байгуулах банк маань Хуримтлалын сантай нэг цэг дээр огтлолцохыг үгүйсгэхгүй…
Эхний ээлжид… Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулахтай холбоотой ажлын хэсгийг Тэргүүн шадар сайд Н.Учрал ахлах гэнэ дээ. Хэрэв байгуулагдах нь баталгаатай болчихвол манай лимонуудад шинэ банкны нэрэн дээр гоё санаа байна уу? 😜