Зүүн хойд Азийн тээвэр логистикийн стратегийн төв боомт болсон Пусаны боомт Монгол руу чиглэсэн логистикийн шинэ урсгалтай болох нь ээ.
🪸 Пусаны боомт нь 150 гаруй улсын 500 боомттой холбогддог, жилд 400 сая тн буюу дэлхийн нийт контейнер тээврийн 13%-ийг эзэлдэг, хамгийн ачаалалтай 6 дахь боомт билээ.
Өмнө 🆚 Дараа
Одоогоор 2 орны худалдааны гол гарц нь Инчоний ОУ-ын боомт. Өмнөд Солонгосоос Монгол руу ачаа тээвэрлэх маршрут болон хугацааны хувьд, хамгийн түгээмэл зам нь Инчоний боомтоос Хятадын Тяньжин, эсвэл Оросын Владивосток боомт руу тээвэрлэгдэж, тэндээсээ төмөр зам болон авто замаар гэхчлэн дамжиж явсаар 10-20 хоногт Монголд ирж буй.
🔗 Эдгээр дамжлагуудаас далайгаар тээвэрлэгдэж буй хугацаа нь хамгийн бага буюу 2-5 хоног байдаг бол үлдсэн хугацаа нь транзит буюу хил гааль дээр хүлээгдэх, Орос, Хятадын боомтоос нааш тээвэрлэхэд зарцуулагддаг байх нь.
Тэгвэл Пусаны боомт нээгдсэнээр тус боомт дээр Монголын ачааг тусгайлан хүлээн авах логистикийн терминалтай болохоос эхлээд 2 орны худалдааны үүд хаалга өргөсөх, цаашлаад Монгол руу чиглэсэн Америк, Европ, бусад далайд гарцтай орны ачаа тээвэр хамгийн хямд, хурдан тээвэрлэгдэх нөхцөл бүрдэх аж.
🌊 Монголын далайн зам
Далайд гарцгүй орны хувьд Монгол Улс "flag of convenience" буюу нээлттэй бүртгэлийн систем ашиглан олон улсын далайн тээврийн харилцаанд оролцдог. Дэлхий даяар нийт 3,000 гаруй хөлөг онгоц Монгол Улсын нэр дээр бүртгэгдсэний 500 нь идэвхтэй буюу байнгын бүртгэлтэй байдаг аж. Усан замын гол гарц нь Хятадын Тяньжин боомт байдгаас гадна 4 улсад итгэмжлэгдсэн агент томилж, хөлөг онгоцнуудаа хянаад явдаг гэнэ.
🛳️ Тухайлбал, 2023 онд Өмнөд Солонгосын Cosmos Marine Bureau агентаар дамжуулан бүртгэгдсэн 59.4 мянган тн-ы даац бүхий 40 хөлөг онгоц Монгол Улсын тугтай далайд гарсан гэх тоо бий. Үүний тал буюу 21% нь ерөнхий ачаа тээврийн онгоц байжээ.
Эцэст нь… Монгол болон Өмнөд Солонгосын худалдааны гарц өргөсөж байгаа нь мэдээж сайн хэрэг. Гэсэн хэдий ч бид 2 хөршийнхөө хил дээр хамгийн их цаг алддаг. Ядаж манай талаас оруулж буй хуурай боомтуудын нэвтрүүлэлтийг хурдан шуурхай болгож, зарим ачаалалтай боомтуудаа 24 цагаар ажилладаг болгохгүй бол зарим нь 12-14 цаг хүртэл цайны цаг гээд алга болдог сурагтай.
NEWSLETTER