Экс Ерөнхий сайдын хүүгийн орлогоо нотлох асуудал нэг тийш болж Авлигатай тэмцэх газар (АТГ) О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг хууль ёсных гэж үзлээ. Гэхдээ хэд хэдэн нотой, ноцтой тоо байна.
🧐 Тайлан гэх үү, үзүүлэн гэх үү?
О.Тэмүүлэнгийн эх үүсвэр Херо энтертайнмент групптэй шууд хамааралтай. АТГ 8 жилийн өмнө байгуулагдсан тус группийн 2024 оны тайлангийн тодорхойгүй жижиг хэсгийг хэвлэлийн мэдээ дээрээ дурдаж. Хэлхэж тавьсан хэдэн тооноос нь үйл ажиллагааны зардал, цэвэр ашиг гэх мэтийг барагцаалж тооцъё гэсэн ч Херо гэх газрын ажилтны тоо, үнийн санал нь ч олдохгүйн дээр вэбсайт дээрээ ч олигтой мэдээлэлгүй, бүр ганц нүүртэй аж. Яачихсан нууцлагдмал компани вэ.
📌 ₮6.2 тэрбум: Харагдаж байгаа хэдэн тоог уншвал уг компани өнгөрсөн онд ₮6.2 тэрбумын борлуулалтын орлого олсон гэнэ. Гол нь татварын өмнөх ашиг буюу үйл ажиллагааны ашиг нь ₮4.1 тэрбум байсан гэхээр зардал нь орлогынхоо 33.9%-тай л дүйж буй. Том зардал гээд байх юм байхгүй, ашгийн хувь өндөр ажээ.
😳 Өчүүхэн татвар? Түүнчлэн тус группийн 2024 онд төлсөн татвар ердөө ₮265.8 сая аж. Уг нь ₮6.2 тэрбумын орлоготой компани ₮400-₮650 саяын татвар төлөх боломжтой баймаар. Тэгэхээр татварын хөнгөлөлт, татаас олгогддог байхыг үгүйсгэхгүй л юм.
🙅🏻♂️ Тендер авдаггүй гэнэ: Нэмээд группийн CEO Б.Баатар өөрийн X хаягтаа төрөөс ширхэг ч тендер, лиценз аваагүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ “Баялгийн сан”-гийн талаарх нэвтрүүлэгт нь улс төрийн томчууд оролцож, өргөн нэвтрүүлгийн дийлэнх сувгаар бөмбөгдсөн гэдгийг мартаж болохгүй. Сайн дураараа л санхүүжилт гаргаж хийсэн гэж найдъя даа…
💰 Май миний дүү, ₮300 сая
Дээд хэсэг дээр үгүйсгэхгүй, олдохгүй, байж болох гэсэн үгнүүдийг ашигласныг харж байгаа байх. Учир нь мэдээлэл хомс нэмээд итгэхэд амаргүй. Заа гол нь Херо энтертайнмент групп бөгжний шуумын гол эзэн болох О.Тэмүүлэнд энэ он гарснаас хойш 1, 3, 4-р саруудад тус тус 3 салгаж нийтдээ ₮300 саяыг шилжүүлсэн байна. Уг нь Хүлэг контент Эй Ай, Хүлэг контент энтертайнмент гэх 2 ч компани үүсгэн байгуулсан хүн тогтмол дүнгээр, тогтмол хугацаанд цалинждаг баймаар.
🤑 Шийрийг хатаажээ: Юутай ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадахгүй суудлаасаа буусан. Түүний гэр бүлийн бүтэн жилийн орлого 2024 онд ₮15 сая байв. Харин түүний хүү гэнэт 2025 онд энэ дүнг 20 нугалсан, нэмээд нийт хөрөнгийнх нь 36.2%-тай тэнцэх хэмжээний мөнгийг ердөө 3 шилжүүлгээр олчихдог болсон бололтой. Сайд асны хэлдгээр 22-хон настайдаа шүү дээ.
⁇ Бид хардах эрхтэй: Гэхдээ О.Тэмүүлэнгийн албан ёсны орлого гэж нотлогдоод байгаа шилжүүлэг энэ он гарснаас хойш л хийгдсэн гэдгийг харсан байх. Тэгвэл тэр бөгж, цүнх, гэрлэх саналыг хэзээ тавьж, хэзээ авч өгсөн гэдэг сонирхолтой. Цаг хугацааны хувьд их л давчуу болж өнгөрсөн бололтой. 6-р сард бид аль хэдийн мэдчихсэн жагсаж байлаа шүү дээ.
Эцэст нь… Юутай ч орлогоо нотолсон гэсэн мэдэгдэл гарлаа. Гэхдээ хөөх үнэхээр орлоготой байж дээ гэсэн мэдрэмж авч, тоо харсан гэж хэлэхэд хэцүү л юм даа. Ядахад шүүх, харах, тунгаах мэдээлэл хомс юм. Мөн Л.Оюун-Эрдэнэ ч орлогоо нотлох, Херо энтертайнмент групп тайлангаа бүрэн танилцуулах шаардлагатай байна даа.