Улс орнуудын ард иргэд корпорэйт ертөнцийг хэрхэн харж, тэднийг нийгэмд ямар манлайлалтай байгаасай гэж хүсдэг гэж бодож байна?
🐕🦺 Нийгмийн хүлээлт
Morning Consult-н энэ оны “Global Corporate Purpose Tracker” судалгаагаар хэрэглэгчдийн 74% нь компанийн зорилгыг зөвхөн ашиг олох бус, нийгэмд эерэг нөлөөтэй байх ёстой гэж харж байна. Цаашлаад, Z болон Millennials үеийнхний 82% нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгод суурилсан бизнесүүдийг илүү таашаадаг гэх.
🤷🏻♀️ Гэвч энэ бол төдийлөн гайхаад байх хандлага биш болсон гэдгийг сүүлийн үед байгальд ээлтэй, дахин боловсруулах хэрэглээг дэмждэг хүмүүс олширч байгаа нь хангалттай харуулна.
😉 Ашигтай + Нэр хүндтэй
Урт хугацааны, тогтвортой бизнесийг бүтээхийн тулд нийгэмдээ хөрөнгө оруул гэх номлол байдаг. Энэ утгаараа корпорацууд өөрсдийн зорилгыг илүү нээлттэй, хэмжигдэхүйц хэлбэрт шилжүүлэхийн тулд БОНЗ-ын тайланд өндөр ач холбогдол өгдөг. Гол өөрчлөлт нь томоохон корпорацууд нийгмийн хариуцлагын хүрээнд гэх тодотголтой төсөл, хөтөлбөрөө дунд болон урт хугацааны зорилготойгоо нэгэн цул болгон стратегийн түвшинд харах болсон явдал. Уг хандлагыг дагаж дунд шатны компаниуд ч зорилгоо дахин тодорхойлох болжээ.
🙂↕️ Жишээ болгоход, Nestlé (NESN.SW)-н зорилгынхоо гол цөмийг хамтын үнэ цэнийг бүтээх (Creating Shared Value) нэрийн дор олон жил хөгжүүлсэн. Microsoft (MSFT) 2020 оноос хойш нийгэмд үзүүлэх нөлөөллөө санхүүгийн үр дүнтэйгээ холбож, жил бүр тайлагнаж байгаа.
🤔 Монголд
Манайд ч компаниуд жилдээ 1 удаа БОНЗ-ын тайлангаа тайлагнадаг соёл овоо төлөвшиж байгаа. Өмнө нь нийгмийн хариуцлагын хүрээнд тийм компани тэнд хүүхдийн тоглоомын талбай байгуулав, тэр хэсгийг засав гэхчлэн илүү хэлбэр талын явж ирсэн бол БОНЗ-ын үзүүлэлтээ тайлагнадаг болсноор олон нийтэд зорилгоо хэрхэн биелүүлж байгаа, түүнийхээ төлөө юу хийж байгаа, цаашлаад илүү хамтын үнэ цэн бүтээхэд чиглэх болсон нь сайшаалтай.
Эцэст нь… Дэлхийн томчууд БОНЗ-ын үзүүлэлтүүдээ тулгуурлан хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах болжээ. Өмнө нь компани зорилгоо уран яруу үгээр гангалаад, чихэнд чимэгтэй сонсогдож байхад л хангалттай байсан бол одоо бодит ажил болгож, хэмжих хэмжүүртэй, хүрэх цэгтэй байх шаардлагатай болсон. Цаг үе өөр болсон шүү!