Одоогоос яг жилийн өмнө ТОП-5 банкны хагас жилийн цэвэр ашиг жилийн өмнөхөөсөө 58.7% өсөж ₮867.7 тэрбумд хүрч хамаг л үзүүлэлт нь пуужиндаж байв. Харин энэ жилийн эхний хагасын тоонууд нэг л унжгар байна даа. Юу болов оо?
🔺 2 өсөж, 🔻 3 буурлаа
Манай акул 5-ын цэвэр ашгийн нийлбэр энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх жилийн мөн үеэсээ дунджаар 8.1% буурч ₮797.6 тэрбум болжээ. ТОП-5 банк дундаа ХААН Банк (KHAN)-ны ашиг ганцаараа тасархай буюу 21.8% өсөж ₮353.7 тэрбумд хүрсэн бол ХасБанк (XAC)-ных дүнгэн данган 0.7% өсжээ гэж. Харин үлдсэн 3 банкных бол дунджаар 29.2% буурсан байна.
🔍 Өсөлт уналтын цаана: Хамгийн өндөр өсөлттэй $KHAN-н хувьд эрсдэлийн сангийн дараах цэвэр орлогоо 17.8% өсгөсний зэрэгцээ хүүгийн бус болон арилжааны зэрэг бусад орлогуудаа ч нэмсэн байна. Харин цэвэр ашиг нь хамгийн их унасан $TDB-н хувьд эрсдэлийн сангийн дараах цэвэр орлого нь 31.4% буурчээ гэж.
🧐 Пуужиндаагүйн учир: Өнгөрсөн оны өдийд цэвэр ашгаа 249.2% нэмж олны анхаарлыг татаад байсан $GLMT-н хүүгийн орлого нь 36.3% өссөн хэдий ч хүүгийн зардал нь ч дагаж өссөн. Үр дүнд нь цэвэр орлого 11.8% буурч, нэмээд бусад зардлууд нь ч өсөлтийн хөлд нэмэгдсэнээр, ашиг нь нимгэрсэн хэрэг.
📌 Ташраараа чанаржив: Гэхдээ бүх зүйл хар бараан биш. Өнгөрсөн оны мөн үед дунджаар 4.9% байсан ТОП-5 банкны чанаргүй зээлийн нийт цэвэр зээлд эзлэх хувь энэ жил 3.5% болж муу зээл багассан байна.
🤨 Базаадаггүй ээ, хө
Нөгөө талд хөрөнгийн зах зээлийн талбарт системийн нөлөө бүхий банкнууд IPO хийснээс хойш хөдөлгөөн нэмэгдсэн. Гэвч тэдний зах зээлийн үнэлгээ оны эхний хагас жилийн байдлаар жилийн өмнөхөөсөө дунджаар ердөө 2.4% нэмэгдэж нийлбэр нь ₮5.2 их наяд болжээ. Энэ дундаа $XAC-н өсөлт дунджаа чирсэн бол, $KHAN болон $GLMT зугуухан өсөж харин $TDB болон $SBM-н зах зээлийн үнэлгээ дунджаар 9.2% буурч.
Гэхдээ тэдний хагас жилийн эцсээрх хувьцааны үнийг IPO-н үнэтэй нь харьцуулбал $KHAN болон $XAC-н хувьцааны үнэ өссөн ч өнөө 3 банкны хувьцааны үнэ одоо ч IPO-н үнээсээ дунджаар 25.8% доогуур байна.
Эцэст нь… ТОП-5 банкны хагас жилийн үзүүлэлт нэг иймэрхүү. ХК-иудын тайлан тооцооны ид үе учир сонирхолтой бүх тайланг тоймлож хүргэнэ. Мөн бусад арилжааны банкнуудын үзүүлэлтийг ч мөн сонордуулъя. Stay tuned!