Сур харваа, хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан гээд наадмын гоё сайхан нь их. Гэвч жил бүр наадмын зардал өсөж байгаа нь бэрх байна даа.
📈 Улам бүр үнэтэй
Хамгийн энгийн жишээ авахад 2020 онд нэг ширхэг хуушуурын материалын өртөг ₮800 орчим байсан бол энэ оны 6-р сарын байдлаар 1.8 дахин нэмэгдэж ₮1,500 болоод байна. Хуушуурын орц дундаас сонгинын үнэ хамгийн ихээр буюу 2.6 дахин ихсэж кг нь ₮4,402 хүрчээ. Үүний араас 1кг гурилын үнэ 2.2 дахин өсөв. Харин орц дундаас үхрийн цул мах хамгийн бага буюу 1.7 дахин өсөж ₮24,929 болсон аж. Дан ганц хуушуур дээр гэхэд хөдөлмөр, тог цахилгаан гэх мэт зардлыг хасаад ийм байна даа.
🎫 Тасалбартэнгэрт: Цаашлаад, наадмын багц тасалбарын үнэ 2019 онд суудлаасаа хамаарч ₮16 мянга болон ₮24 мянга байсан бол энэ жил анхдагч зах зээлд ₮100-₮150 мянгаар борлуулагджээ. За тэгээд шаг буюу хоёрдогч зах зээлийн үнэ нь сүүлийн 6 жилд мөн л 3-5 нугарч ₮500 мянгад хүрсэн гэнэ.
💭 Гадаадад яадаг вэ?
Баярын үеэр зах зээлийн өрсөлдөөнөөс шалтгаалж үнэ өсөх нь хэвийн үзэгдэл. Хамгийн нийтлэг нь зочид буудал, онгоцны тийз, амралтын газрын үнэ бөгөөд баяраар 1.5-3 дахин нэмэгдэх тохиолдол бий. Гэхдээ нэг онцлог нь үнэ нэмэгдэхийн хэрээр бүтээгдэхүүн үйлчилгээний чанар ч мөн сайжирдаг. Жишээлбэл, Японд ресторанууд баярын тусгайлсан цэс гаргаж, Канадад амралтын газрууд тусгай арга хэмжээ, үзүүлбэр зохион байгуулж нэмэлт орлого олох ажээ.
🇲🇳 Харин манайд
Наадмын тасалбар дээр гэхэд үнэ нэмэгдэж буй ч чанар асуултын тэмдэг хэвээр. Наадмын нээлтийн хувьд жил бүр ижил хэв маягаар зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жилийн наадмын нээлтийг Төрийн соёрхолт, УГЗ Б.Наранбаатар 5 дахь удаагаа найруулж байна. Угтаа Төв Цэнгэлдэх Хүрээлэн наадмын үеэр суудлын багтаамжаа 9 мянгаас 12 мянгад хүргэсэн ч эрэлт их байгаа ба жуулчдад 2 мянган тасалбар олгох болсон ч авах хүсэлтэй жуулчдын тоо 11 мянга гаруй аж.
💸 Наадмын төсөв: Том зургаар энэ жилийн Үндэсний их баяр наадмыг өнгөрсөн оны төсвөөс 1.7 нугарсан дүн буюу ₮5 тэрбумаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ нь 2023 оны наадмын төсөвтэй адил буюу хамгийн өндөр төсвөөр зохион байгуулагдах гэж буй 2 дахь наадам болж байна.
Заа тэгээд ирээдүйд наадам илүү хүртээмжтэй, чанартай болно гэдэгт итгэж байна. 💪🏼