Монголын эдийн засагт оруулж буй хувь нэмрээр нь ЗГ болон МҮХАҮТ-иас тодруулдаг 23 дахь удаагийн 2024 оны ТОП-100 ААН-үүд тодорлоо. Тэгвэл 2014 оноос хойш юу өөрчлөгдсөнийг харцгаая.
🤔 Эхний #20
Одоогийн эхний 20-т жагсаж буй компаниуд 2014 оноос дунджаар 5 байр урагшилжээ. Аваргууд болох М-Си-Эс групп, Шунхлай, APU (APU) ХААН Банк (KHAN), Худалдаа Хөгжлийн Банк (TDB), Голомт банк (GLMT), ХасБанк (XAC), МАК, НИК, Мобиком групп нар тэртээ 2014 онд ч Монголын томоохон компаниуд хэвээр байв. Харин ТОП-20 компани дундаас Оюу толгой 2014 онд 15-т жагсаж байсан бол 2024 онд жагсаалтыг тэргүүлэх болжээ.
💡 Сонирхолтой нь 2014 онд Премиум Нэксус (CUMN), Саусгоби Сэндс, Дижитал Концепт, Макс Групп, Барловорлд Монголиа, МоЭнКо компаниуд ТОП-100 дотор багтдаггүйгээр барахгүй зарим нь бүр байгуулагдаагүй байжээ.
🤕 Харамсалтай нь усанд шидсэн чулуу шиг Содмонгол групп, Лэйтон, Эс Си Ти И Си Эм, Магнай трейд компаниуд тухайн жил эхний 20-д багтдаг байсан бол 2024 онд ТОП-100 дотор ч багтахаа больжээ.
📈 Татвар^2
Тэртээ 2014 онд ТОП-100 компанийн улсад төлсөн татварын хэмжээ ₮2.5 их наяд буюу улсын татварын орлогын 30%-ийг бүрдүүлж байв. Харин 2024 онд татварын хэмжээ 3 дахин нэмэгдэж ₮7.6 их наядад хүрсэн бөгөөд нийт татварын орлогын 28%-ийг бүрдүүлсэн аж. Сануулахад, 2022 оноос ТОП-100 жагсаалтад төрийн өмчит компаниудыг оролцуулахаа больж тусад нь ангилах болсон. Ямартай ч 2024 онд төрийн өмчит компаниудын төлсөн татварын дүн ₮5.5 их наядад хүрч, нийт татварын орлогын 20%-ийг бүрдүүлж байна.
💡 Топ салбар: Хамгийн өндөр борлуулалтай салбар бол мэдээж уул уурхай, олборлолтынхон бөгөөд борлуулалтын орлого 2024 онд ₮23.9 их наяд байсан нь нийт борлуулалтын 43.5% аж. Харин удаах байранд нийт борлуулалтын 24%-ийг бүрдүүлсэн ₮13.2 их наядын орлоготой худалдааны салбар ороод байна.
🔎 ХК-иуд яав?
Энэ удаагийн ТОП-100 компанид Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй 12 ХК багтсан нь 2014 оноос 2 дахин нэмэгдсэн явдал байв. Эдгээр 6 ХК-ийн дотор банкны реформоор дамжиж томоохон 4 банк нэмэгдсэн ба үүнээс гадна 2017 онд байгуулагдсан Премиум Нэксус болон санхүүгийн салбарыг түүчээлж буй Инвескор ББСБ (INV) багтаж байна. Жилийн өмнө СЗХ болон МҮХАҮТ хамтран ТОП-100 компанийг ХЗЗ дэх оролцоог өсгөх буюу нээлттэй ХК болгох төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэв амжилттай хэрэгжвэл юу болох талаар энд дарж унших боломжтой шүү.
Эцэст нь… 2024 онд ТОП-100 компанийн борлуулалтын орлого ₮54.9 их наядад хүрсэн нь ДНБ-ий 69% бөгөөд 2022 оноос ДНБ-д эзлэх борлуулалтын орлогын дүн 5% буураад байна. Эндээс харахад ТОП-100 компаниас бусад хувийн хэвшлүүдийн орлого өсөөд байна уу эсвэл төрийн эрхэлж буй бизнесүүд өргөжсөөр байна уу гэдэг тун сонирхолтой…