Аливаа улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг санхүүгийн бүтээгдэхүүнээс нь харж болно. Монголын хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжил өдрөөс өдөрт урагшилсаар анхны жендер бонд олон нийтэд танилцуулагдахад бэлэн болжээ.
Жендер бонд нь эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн оролцоог дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн жендерийн тэгш байдлыг дэмжих зорилготой аж.
📚 Анхны бонд
Анхны жендер бондыг 2012 онд Олон Улсын Санхүүгийн Корпорац гаргаж, Японы зах зээлээс $165 саяыг татан төвлөрүүлсэн ба үүнээс хойш 2024 оны 3-р улирлын байдлаар дэлхий даяар босгосон санхүүжилт $16.5 тэрбумд хүрчээ. Ихэнх жендер бондыг олон улсын санхүүгийн байгууллагууд гаргасан бол өнгөрсөн онд Исландын ЗГ €50 саяын үнийн дүнтэй жендер бонд гаргасан нь төрөөс анх удаа жендер бонд гаргасан үйл явдал байв.
📍 Бондын тухайд
Монголын анхны жендер бондыг банкны салбарын тэргүүлэгч ХААН Банк (KHAN) гаргаж байна. Бондын тухайд, нэгж бүрийн үнэ ₮100 мянга, хугацаа нь 36 сар, хүү нь 16% байх бөгөөд хүүгээ хагас жил тутамд төлөх бол үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлөх гэнэ. Хүүгийн эрсдэлийн хувьд Хаан Банк нь Монголын ЗГ-тай адил Fitch ratings-н B+ үнэлгээтэй буюу тогтвортой гэсэн ангилалд багтдаг.
🔎 Давуу тал: Яг адил 36 сарын хугацаатай ЗГДҮЦ-ны хүүгийн дундаж 10.55% байгаа бол “Жендер бонд” 5.4 нэгж хувиар илүү ажээ. Үүнээс харахад ЗГДҮЦ-тай адил эрсдлийн түвшинтэй ч хүүгийн хувьд өндөр байгааг харах боломжтой.
✅ Нийгмийн нөлөө
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын нэг нь жендерийн эрх, тэгш байдлыг хангах юм. Эмэгтэйчүүдийн оролцоо өсөх нь эдийн засгийн өсөлт, инновац, амьдралын чанарыг сайжруулдаг. Дэлхийн банкны судалгаанд, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо 10% нэмэгдэхэд ДНБ 1-2% өсөх боломжтой талаар дурджээ.
🚧 Анхаарах факт: ДЭЗФ-ын 2025 оны тайланд Монгол жендерийн тэгш байдлын индексээр дэлхийд 65-д эрэмбэлэгдэж байна. Тус индекс нь 1-д ойртох тусам жендерийн тэгш байдал сайжирсныг илэрхийлдэг. Манай улсын хувьд 0.728-д хүрч, өнгөрсөн оноос 20 байр урагшлав.
Эцэст нь… Хэрэв та “Жендэр бонд”-ыг сонирхож байвал ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга 7 сарын 7-ноос 21-ний хооронд явагдах ба андеррайтераар Өлзий Энд Ко Капитал ҮЦК ажиллаж буй. Мөн бондын урьдчилсан захиалга өчигдөр буюу 7 сарын 2-нд эхэлсэн гэдгийг дуулгая.