Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо “Алт-3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжсэн талаар мэдэгдсэн.
✒️ Тус аяны гол санаа нь үндсэн ордуудыг бүрэн эргэлтэд оруулж, илүү их алт олборлон ашиг олох.
🤔 Хөдөлгөөнтэй 14, хөдөлгөөнгүй 68
Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 347.1 тн нөөц бүхий 82 алтны орд бий. Үүнээс 14 ордод олборлолт хийж, үлдсэн 68 орд буюу нийт 228 тн алтны нөөц ямар нэгэн байдлаар эргэлтэд ороогүй байна. Одоо эхлүүлэх гэж буй “Алт-3” аян тус 68 ордыг оновчтой, хурдтайгаар эргэлтэд оруулахад чиглэх юм.
🧱 Бэрхшээл: Гэсэн ч анхаарах ёстой зүйл нь тус ордуудаас 13 нь тусгай хамгаалалттай газар нутагт байршиж байгаа учраас байгаль орчин, хууль эрх зүйн оновчтой зохицуулалт хийх шаардлагатай.
🧭 ЗГ-ын луужин: Ерөнхий сайд Г.Занданшатар "Алт-3" аяныг хэрэгжүүлэхдээ алт худалдан авах тогтолцоо болон татварыг уян хатан болгох ёстой талаар мэдэгдсэн. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ч үүнтэй ижил зүйл ярьж байгаагаас харахад энэ удаад ЗГ алт олборлогчдод татварын зөөлөн бодлого санал болгох бололтой.
🐮 Дэмнээ
Угтаа өмнөх ЗГ 2025 онд эдийн засгийн хүндрэлтэй тулах нь тодорхой тул “Алт-3” аяныг эхлүүлнэ хэмээж байсан. Мэдэж байгаачлан өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хүндрэлийг тоохтой манатай улс төрийн шуурга дэгдэж тус аян мартагдаад өнгөрсөн.
🔗 Гогцоо: Оны эхэнд төв банк энэ жил нүүрсний экспорт сулрах ч эдийн засаг тэрийгээд хэвтчихгүй гол шалтгааныг зэс, алт хэмээн оны хамгийн том мөрийгөө танилцуулж байв. Гэтэл 2025 оны эхний хагаст Монголбанкны үнэт металлын худалдан авалт өнгөрсөн оны мөн үеэс бараг 2 тн буурч 5.8 тн-д хүрсэн зураглалтай үдлээ гэж.
Юутай ч ЗГ ойрын хугацаанд “Алт-3” аяныг эхлүүлэх бололтой. Нэрэн дээрээ л 3 дахь аян гээд байгаагаас биш энэ бол Монголын 4 дэх алтны аян гэж болохоор. Тухайн үеүдэд алтны хөтөлбөр эдийн засгийн томоохон дэмжлэг болж байсан ч одоо хэр нь худалдан авалтын сүлжээ, татварын асуудал төгөлдөржсөн зүйл алга. Энэ удаагийн хөтөлбөрийг ч оновчтой хэрэгжүүлж, өмнөх ЗГ-уудын алдааг давтахгүй байх нь хамгийн чухал. Үгүй бол түр зуур сэхэл аваад л өнгөрөх вий.