Сүүлийн 1 жилийн хугацаанд Монголын спорт, бизнес, соёлын салбарт чамлалтгүй олон амжилт гарлаа. Тэр бүх үйл явдалд Монгол түмэн омогшиж, гаднынхан биднийг сонирхох болов.
🚴🏻 Мөрөөдөл ойрхон: Mr.Wazza буюу Б.Очирваань 2024 оны 5-р сард 19 улс дамжиж, 14 мянган км замыг дугуйгаар туулсны эцэст домогт хөл бөмбөгчин Уэйн Рүүнийтэй уулзсан. Тэрхүү уулзсан мөчийг X дээр гэхэд 5 сая хүн үзэж дан ганц Монголчуудад биш олон улсад хүрсэн хэрэг байв.
🏅 Спортоор тэргүүлэв
Манай тамирчид Парисын олимпоор 1 алт, 3 мөнгөн, 1 хүрэл медаль авсан ба пара таеквондогоор У.Сүрэнжав анхны эмэгтэй аварга болсон. Сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр эмэгтэй шигшээ баг Дэлхийн гран-пригээс алтан медаль, 5x5 төрлөөр Хасын Хүлэгүүд Азийн аваргаас хүрэл медаль авсан бол энэ Даваа гаргийн үүрээр The MongolZ CS-н дэлхийн аваргаас дэд байр эзлээд байна. Үүгээр багийн спорт хөгжихгүй гэдэг яриа цэг болж хоцрог.
✈️ Бизнесээ тэлэв
Гаднын зах зээл рүү хөл тарьж буй Монгол компаниуд жилээс жилд нэмэгдсээр байна. Ноднин жилийн өдийд Доктор Авто Сүлжээ Казахстанд нээх 200 франчайзын анхны салбараа Алматы хотод нээсэн. Харин энэ оны 2 сард санхүүгийн салбарын түүчээ Инвескор Санхүүгийн Групп Лондоны Хөрөнгийн Бирж (LSE)-д албан ёсоор бүртгэгдсэн анхны Монгол компани болов. Мөн 2024 оны 9 сард Казакстанд охин компаниа байгуулж Төв Ази дахь үйл ажиллагаагаа тэлсэн билээ.
🌏 Соёлоороо татав
Сүүлийн 1 жилд Монгол соёлтой холбоотой сошиал медиа дээрх хамгийн өдөр хандалттай мэдээ шигшээ багийн олимпын наадмын хувцсыг урласан Michel & Amazonka-н талаар байлаа. X дээрх жиргээ 59 сая хүнд хүрсэн бол TikTok дээрх холбоотой пост 1.9 сая хүнд таалагдсан аж. Харин YouTube дээр хөөмий болон техно хөгжим хосолсон богино бичлэгийг 9.4 сая хүн үзсэн бол өнгөрсөн 4 сард Монголд ирсэн IShowSpeed-н бичлэг 7.2 сая хандалт авчээ.
Эцэст нь… Хэдхэн жилийн өмнө 400 сая биш 400 мянган жуулчин авна гэж мөрөөддөг байсан бол амны бэлгээс ашдын билэг гэдэг шиг 2023-2024 оны мөн үеэс Монгол ирсэн жуулчдын тоо 28% өсөж 891.7 мянгад хүрчээ. Хурдхан 1 сая жуулчин авдаг орон болох болтугай…