Узбекистаны Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөнө. Түүний айлчлал энэ оны 3 дахь гаднын улсын төрийн тэргүүний айлчлал болж байна.
ℹ️ Гэснээс: Энэ жил Төв Азийн 5 улсаас Туркменистан, Узбекистаны Ерөнхийлөгч нар Монголд айлчилж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт албаа авснаас хойш Тажикстаныг эс тооцвол Төв Азийн бүх орны Ерөнхийлөгч нарыг хүлээн авсан Ерөнхийлөгч болж байна.
🌾 Арвин ургац
Энэ удаагийн айлчлалыг тохиолдуулан Улаанбаатарт Узбекистаны худалдааны төв нээлтээ хийгээд буй. Талууд хамтран ажиллах олон салбаруудыг цохон тэмдэглэсэн ч 2 орны ХАА-н салбар дахь хамтын ажиллагаа ирэх жилүүдэд бодитоор үр шимээ өгөх итгэл төрүүлэв. Учир нь өнгөрсөн жил Монголын тус улс руу экспортолсон 7,000 гаруй амьд хонь энэ жил тоо толгой нь өсөж 13,500 гаруй болсон аж.
🧪 Туршилтын хамтрал: Үүгээр тогтохгүй Узбекистаны усалгааны туршлагад тулгуурлан Монголд 10 га хүртэлх талбайд ус хэмнэх систем нэвтрүүлэхэд $25,000-ын технологийн дэмжлэг үзүүлэхийн сацуу Монголд 15 нэр төрлийн хүнсний ногоо, амтат гуа, төмс, үр тарианы туршилтын багц илгээхээр болжээ.
✅ Хээрийн туршилт амжилттай болбол экспортын хэмжээ $200 мянгад хүрэх боломжтой. Мөн Узбекистан, Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн төслийн хүрээнд 5 га талбайд хүйтэнд тэсвэртэй 10 мянган жимс, жимсгэнийн суулгац тарихаар болсон юм.
👀 Ерөнхийлөгчийн гадаад айлчлал
Харин Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын хувьд тэрбээр энэ оны эхний хагаст Турк, Польш, Чех, Орос гэсэн 4 улсад айлчилсан. Айлчлалуудын үр дүнд Монгол Чехтэй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, Польштой харилцаагаа ахиулж иж бүрэн стратегийн түншлэлтэй болсон нь хамгийн онцлууштай үйл явдал байв.
🏗️ Хамтын бүтээн байгуулалт: Мөн Хархорум болон Шинэ зуун мод хотуудын бүтээн байгуулалт, дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллахаар Чехэд санал тавьсан бол Польш тус төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Эцэст нь… Энэ удаагийн Узбекистаны Ерөнхийлөгчийн айлчлал бодит хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан арвин богцтой айлчлал болов. Удахгүй буюу ирэх сард Японы эзэн хаан гэргийн хамт Монголд айлчлахаар байгаа. Монголын гадаад харилцаа сүүлийн 3 жилд нүдэн дээр идэвхжиж байгаа нь сайн хэрэг.