Элгээрээ хэвтсэн эрчим хүчний салбарын сайд нь “эрчим хүчний асуудлыг дараагийн сайд шийдэх ёстой” гээд хээв нэг тоохгүй байсан ч дуртай дургүй дахин томилогдоод ажлаа үргэлжлүүлж, зээлээр шугам барихаар боллоо гэж. 👇
📄 Ээлжит тоотой төсөл
Манайхан нэг ажил явуулах болохоороо 1, 2, 3 гэж нэрлээд дуншиж, дуншиж хийдэг жамтай. Үүний нэгэн адил "Эрчим хүч-3 төсөл"-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэж батлаад байна.
📌 Хэд юм бэ, өгөөж юу юм бэ? Эрчим хүч -3 төсөл гэж Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ-н 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх төслийг хэлж буй. Үүнийгээ Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох $47 саяын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Гэхдээ уг төслөөс Улаанбаатарын цахилгаан хангамжид шууд нөлөө ирэхгүй.
🧐 Зээлийн гүнд: Тус банкны санал болгож буй зээл нь SOFR хувьсах хүү дээр 1.44% нэмэгдэлтэй, үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөж, нийт 25 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй нь дээр үйлчилгээний шимтгэл нь зээлийн дүнгийн 0.25% гэнэ.
🙃 Үнэ нэмж олсон төсвийн зарцуулалт
Юутай ч дээрх төсөл Оюу толгой төслийг Монголын эх үүсвэрээр хангахад дэм болох аж. Харин өнгөрсөн оны 11-р сард цахилгааны үнийг нэмсний дүнд энэ онд ₮546 тэрбумын нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх аж. Үүний 40.3%-ийг цалингийн нэмэгдэлд, 20.3%-ийг нүүрсний борлуулалтын үнийн алдагдлыг нөхөхөд, үлдсэн 40% хүрэхгүй хэсгийг өвөлжилтийн бэлтгэл хангах болон гэр хорооллын шугам сүлжээний шинэчлэлд зарцуулсан бас зарцуулах юм гэнэ. Ай даа…
Эцэст нь… Өвөлдөө дулаахан, бүх цаг үед гэрэлтэй байя гэвэл 2040 он гэхэд ₮110.7 их наяд шаардлагатай юм гэнэ лээ. Нүүрсний хулгай, ЖДҮ-ийн асуудал байгаагүй бол бараг бүрдчихээр. Уг нь хоёрхон сарын өмнө энэ салбар $2 тэрбумын хөрөнгө оруулалт татлаа гээд баярлаж байтал онцын шийдвэр гараагүй нь дээр осол ч гарлаа. Одоо үнэхээр шинэчлэл, реформ, дорвитой үйлдэл хэрэгтэй байна шүү.