Нэткапитал Финанс Корпораци ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулсан Нэткапитал Эй Би Эс ТЗК нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргах гэж байгаа юм байна шүү. Анхаарлаа нааш нь.
💡 ₮30 тэрбумыг татан төвлөрүүлэх ХБҮЦ
Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэд ББСБ-ууд эх үүсвэрээ нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор нийт 13 ХБҮЦ гаргаж байв. Одоогоор МХБ (MSE) дээр 5, UBX дээр 1 ХБҮЦ тус тус идэвхтэй байгаа. Тэгвэл энэ удаад Нэткапитал Финанс Корпораци ББСБ өөрсдийн байгуулсан тусгай зориулалтын компаниараа дамжуулж нээлттэй ХБҮЦ гаргаж ₮30 тэрбумыг татан төвлөрүүлэх нь. Тэдний тухайд 17 жилийн түүхтэй салбарын уугуулуудын нэг.
⏳ Харин одоо: Компани 2008 оноос хойш үйл ажиллагаагаа тэлсээр 2025 оны I улирлын байдлаар 44 салбартай, 683 ажилтантай болсноор нийт 112.6 мянга гаруй харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлж байгаа аж. Мөн компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээ 2023 онд 94.4% байсан бол 2024 онд энэ тоо 2.8 нэгж хувиар сайжирчээ.
📈 5 жилийн дундаж өсөлт 70%: Түүнчлэн тус компанийн нийт хөрөнгө нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд жилд дунджаар 70% өсөж 2024 оны байдлаар ₮271 тэрбумд хүрсэн аж.
💰 20%-ийн хүүтэй ХБҮЦ
Одоо гаргаж байгаа ХБҮЦ-ны нэгж бүрийн үнэ нь ₮100 мянга, хугацаа нь 24 сар байх бол хүү нь 20% байх. Хүүгээ улирал тутамд төлөх бол үндсэн төлбөрийг хагас жил тутамд төлөх нь. Харж байгаачлан Нэткапитал Финанс Корпораци ББСБ-ын гаргаж байгаа ХБҮЦ-ны хүү одоо идэвхтэй байгаа 5 ХБҮЦ-ны хүүгээс 0.5-3 нэгж хувиар өндөр байгаа юм. Мөн банкнуудын 1 жилийн хугацаатай, ₮-ийн энгийн хадгаламжийн хүүгээс 7 нэгж хувиар илүү гэсэн үг.
🧐 Эрсдэлийг яаж даах вэ? Нэмээд уг ХБҮЦ нь ₮48.6 тэрбумын үнийн дүн бүхий автомашины фидуци бүхий зээлийн хөрөнгөөр баталгаажсан аж. Энэ нь хүүгийн төлбөр болон үндсэн төлбөрийг гүйцэтгэхэд хангалттай түвшинд байгаа юм.
Эцэст нь… Уг ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа 6 сарын 26-наас 7 сарын 2-ны өдрийн хооронд зохион байгуулагдах бөгөөд андеррайтераар нь Ти Ди Би Секьюритис ҮЦК ажиллаж буй. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. ХБҮЦ-д хөрөнгө оруулах нь орлогын татвар хамгийн багатай сонголт хэдий ч сайн судалж шийдвэрээ гаргах нь зүйтэй шүү.