Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хамгийн эхний сорилт кабинетаа бүрдүүлэх ажил болоод байна.
🫸🏻 Тэрбээр өнгөрсөн Баасан гарагт кабинетын бүтцээ танилцуулахаар яригдаж байсан ч эрх баригч намын талцал, гаднаас сөрөг хүчин болсон Ардчилсан нам (АН)-ын шахалт, шаардлага тус асуудлыг энэ 7 хоног руу шилжүүлээд буй.
⬇️ АН: Тоогоо бууруул!
Өчигдөр буюу Даваа гарагт АН шинэ Ерөнхий сайдад цомхон засаглах агуулга бүхий 3 бүлэгт шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хамгийн гол агуулга нь яамдын тоог 50% бууруулах, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20% бууруулах байв. Үүний хажуугаар шинэ Ерөнхий сайд Иргэний Зориг Ногоон Намтай хамтран засаг байгуулах урилгаа албан ёсоор өгсөн сурагтай.
🤔 Дэлхийд данстай
Үе үеийн ЗГ нүсэр бүтэцтэй сүндэрлэдэг гэдгийг олон жил ярьж ирсэн ч аль ч Ерөнхий сайд улс төрийн зориг гаргаж кабинетаа цомхон цогцлоож чадаагүй. Хэдий 3.5 сая хүн амтай ч 16 яамтай байгаа нь бусад орнуудтай жишин харахад андашгүй нүсэр харагдана. Товчхондоо хүн ам цөөтэй Монгол Улсад 1 сайд 218,750 иргэнийг төлөөлж байхад Америкт 13 сая, Хятадад 59 сая иргэнийг төлөөлж байх жишээтэй. Яамдын тоогоор манайхтай хамгийн ойр Германд л гэхэд 1 сайд 4.9 сая иргэнийг төлөөлж байна.
🍜 Хачир: Уг тоо нь зөвхөн кабинет дахь яам удирдаж буй сайдуудын тоо хэдий гэдгийг анхаараарай. Үүн дээр нэмээд сайдын дэргэдэх, сайдын доор, ЗГ-ын тохируулагч болон хэрэгжүүлэгч 25 агентлаг тус бүр дээрх нэмэлт хачир болсон албан тушаалтнуудыг тооцож үзвэл манай дарга нарын тоо асар их.
Мартсанаас мал мэнд үү, гэгчээр өнгөрсөн сарын улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ₮259.9 тэрбумын алдагдалтай гарлаа гэж. Уг тооны ард татварын орлого өнгөрсөн оны мөн үеэс 11.3% буюу бүхэл бүтэн ₮1.3 их наядаар буурсан болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 9.2% буюу ₮927.7 тэрбумаар өссөн үзүүлэлтүүд явж байгаа шүү. Дарга нар олшроод, татвар төлөгч нар буураад…
Эцэст нь… Нам доторх, намын гаднах зодоон үргэлжилж байгаа энэ үед шинэ Ерөнхий сайд бүгдэд нь бялуу өгөх сонголт хийх үү, улс орноо бодсон шийдэмгий сонголт хийх үү гэдэг нь бараг л тодорхой болов. Юутай ч эцсийн найдлага тавин харж сууя.