Сүүлийн жилүүдэд гадаадын медиа агентлагийн овоо хараанд Монголтой холбоотой мэдээлэл багагүй өртөх болжээ. Тухайлбал, өнгөрсөн 3 жилийн хугацаанд дэлхийн томоохон 15 медиа бидний талаар 228 орчим мэдээ бэлтгэн нийтлэв.
3️⃣ Жилийн хүрд
Мэдээг тоогоор биш агуулгаар нь харвал нийт мэдээний 34%-ийг нь улс төр, гадаад харилцаа, 24%-ийг нь уул уурхай, хөрөнгө оруулалт, 13% нь экологийн асуудал, уур амьсгалын өөрчлөлт, 11% нь аялал жуулчлал, соёл, 7%-ийг нь шинжлэх ухааны сэдэв тус тус бүрдүүлжээ. Угаас сүүлийн жилүүдэд халуухан сэдвүүд бишгүй олон байлаа.
Жишээлбэл, 2023 онд Оюу толгойн гүний уурхайн нээлт, МЭЗЧ, Ромын Пап ламын айлчлалын талаар 50 орчим мэдээ, 2024 онд Michelle Amazonka-н олимпын хувцас, Владимир Путины айлчлалтай холбоотой 27 мэдээ, энэ онд гэхэд экс Ерөнхий сайд огцорсон тухай 20 гаруй медиа мэдээлжээ.
🤑 Төлбөртэй мэдээ
Монголын талаар мэдээлсэн 15 медиа нь төлбөртэй мэдээг дунджаар $63 мянгаар бичдэг бөгөөд зарим медиагийн хувьд улс төрийн агуулгатай мэдээг нийтлэхээс зайлсхийдэг аж. Америкийн хамгийн өндөр төлбөртэй медиагийн нэг New York Times мэдээний агуулгаас шалтгаалан төлбөр нь $50-$500 мянга хүртэл хэлбэлздэг байна. Манай төрөөс аялал жуулчлалыг дэмжихээр Go Mongolia компанит ажлыг өнгөрсөн оноос идэвхтэй сэвж эхэлсэн. Энэ талаарх мэдээ идэвхтэй сэвэгдсэн ч үр дүнг нь шууд хэмжихэд учир дутагдалтай тул урт хугацаанд харах нь зүйтэй.
🌍 Visit Rwanda
Go Mongolia-тай маш төстэй нэгэн компанит ажлыг Африкийн Руанда улс 2018 оноос Visit Rwanda хэмээн эхлүүлжээ. Компанит ажлын мессежээ хөлбөмбөгийн томчууд болох Arsenal, PSG клубийн өмсгөл дээр $100 саяар байршуулах гэрээ хийв. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг араас нь аялал жуулчлалын салбараа цогцоор дэмжсэний үр дүнд салбарын орлого 2018 оноос 3.8 дахин нэмэгдэж 2024 онд $2.1 тэрбумд хүрчээ. Go Mongolia маань Visit Rwanda-н амжилтын замаар явж Английн дундаж баг Fulham-н бэлтгэлийн өмсгөл дээр байршуулсан байна.
Эцэст нь… Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог хэмээх шүлгийн хэсэг бий. Гадаад хэл дээрх мэдээ, нийтлэл бол дэлхийд улс орноо сурталчлах алтан боломж хийгээд орчин цагийн түүхийг ирээдүй хойчид үлдээх хамгийн хүчтэй хэрэгсэл. Зөв л ашиглах хэрэгтэй дээ.