АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Монголын ЕС-уудын түүх, эдийн засагт үлдээсэн мөр

 

Шинэ Ерөнхий сайдын сураг дуулдаж, өнөөдөр сонгогдох талаар гол усаараа нэг шуугьж байна. Бид өнгөрсөн 15 жилд 6 ЕС-ын нүүр үзэж, тэд дунджаар 2.6 жил Засгийн газрын тэргүүнээр ажиллажээ. 

🕰️ Өнгөрсөн 15 жилд

2010-2025 онд Монгол Улсын ДНБ 11.1 дахин нэмэгдсэн ч инфляцыг хасвал 3.1 дахин л өсжээ. 2009-2012 оны уул уурхайн супер циклийн үед С.Батболд болон Н.Алтанхуяг ЕС-аар ажиллаж байсан. Тухайн үед эдийн засагт дорвитой өсөлт гарсныг хэн хүнгүй мэднэ.

Тухайлбал, С.Батболдын үед улирлын дундаж ДНБ-ий өсөлт 13.5%, гадаадын хөрөнгө оруулалт (ГХО) $1.4 тэрбумд хүрсэн бол Н.Алтанхуягийн үед ДНБ 9.8% өсөж, ГХО хэмжээ $782 саяд тус тус хүрчээ.

Сүүлд Л.Оюун-Эрдэнийн үед цар тахал, геополитикийн сорилтуудтай он жилүүдэд ДНБ 5%, ГХО $854 саяд хүрсэн. Өсөлт үү, гэвэл өсөлт. Гэхдээ олон жил ЕС хийсэн гэхэд арай даруухан уу?

🥸 Хамгийн, хамгийн 

Л.Оюун-Эрдэнэ 1990 оноос хойш хамгийн удаан буюу 4.4 жилийн турш ЕС-аар ажилласан нэгэн боллоо. Гэхдээ залуу ЕС дэмжинэ гэсэн уриа, лоозон нь түүнийг хамгийн залуу ЕС гэдгийг илэрхийлэхгүй. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 1995 онд 35 насандаа ЕС-аар сонгогдсон. Хамгийн богино настай ЗГ бол Ж.Эрдэнэбатын үе бөгөөд тэрээр 1.2 жил тус албыг хашжээ. Намаар нь харвал сүүлийн 16 ЕС-ын 9 нь МАН-аас, 7 нь АН-аас сонгогдсон аж.

⏭️ Дараагийн засаг

Өнөөдөр ЕС-д Г.Занданшатарыг томилох асуудал 12 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар орно. Нэр дэвшүүлэхийг нь эрх баригч МАН-ын бага хурлаар гишүүдийн 67% дэмжсэн бөгөөд хурлын үеэр тэрээр экс ЕС-ын бодлогыг үргэлжлүүлж, эдийн засгийн өсөлтөд анхаарна гэсэн. Г.Занданшатар нь УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогдож, УИХ-ын даргаар 5 жил ажиллаж байв.

Ажлын туршлагын хувьд банк санхүүгийн салбарт 8 орчим жил ажиллахдаа 2000-2003 онуудад ХААН Банк (KHAN)-ны дэд захирал байсан. Мөн ЗГ-ын газрын хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад харилцааны сайд, Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайдын ажлыг хийж байв. 

🤔 Сонирхолтой: Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар I тойрогт нэр дэвшсэн ч 2.2 мянган саналаар ялагджээ. Сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Эцэст нь… Нэг талдаа төгрөг, экспортын голлох түүхий эдийн ханш зэрэг унаж байгаа бол нөгөө талдаа инфляц, төсвийн зардал ярьсан юм шиг өссөөр байна. Эдийн засгийн ёстой л амаргүй нөхцөлд дараагийн ЕС ажлаа хүлээж авах нь дээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ