АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Америк түрүүлж Хятадад буулт хийх үү?

 

Дэлхий нийтийг Доналд Трампын тариф бүрхсэнээс хойш 5 сарын дараа Америк болон Хятадын төлөөлөгчид асуудалд шийдэл олохоор ахин нэг удаа Лондонд уулзалдаж байна. 

🤔 Найдлага: Талуудын яриа эхлэхийн өмнөхөн Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятад компаниудын хувьцааны үнэ 1.2%, Hang Seng (^HSI) 1.5% тус тус өсөв. 

🗣️ Лондонгийн яриа

Уг хэлэлцээр нь Хятад, Америкийн тарифын зодоон эхэлснээс хойш хэлэлцээрийн ширээний ард сууж буй 2 дахь тохиолдол. Талуудын анхны уулзалт Трамп Хятадад 145%-ийн тариф ногдуулснаас сарын дараа Женевт болж, үр дүнд нь талууд 100% давсан тарифаа 90 хоног хойшлуулж 10%-30% байхаар тохиролцож байв. Ичгэвтэр байдал орохгүйн тулд Америк Европ болон бусад орнуудын тарифыг ч хойшлуулж байсан даа. 

🤼‍♀️ Мэхт мэхэндээ: Энэ удаагийн хэлэлцээрээс хүлээгдэж буй үр дүн нь Хятадын газрын ховор элемент (ГХЭ)-ийн экспортыг хэвийн горимд шилжүүлэх. Дэлхийн ГХЭ-ийн экспортын 90%-ийг бүрдүүлж буй Хятад 4-р сараас эхлээд экспортоо зогсоосон нь Америк гэлтгүй Европ, Япон гэхчлэн бусад оронд хүнд цохилт болсон.

🙅🏻 Үүнээс цааш газар үгүй! Трамп өөрийн эхлүүлсэн тоглоомдоо буулт хийх мэт өнгөрсөн Пүрэв гарагт Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа Ши Жиньпин рүү утас цохисон. Улмаар Ши Жиньпинтэй ГХЭ-ийн экспортыг хэвийн болгох тал дээр тохирсон аж. 

😏 ГХЭ-ээр түрий барьсан шаардлага

Нөгөө талд Хятадын нөхцөл байдал ч муудаж байгаа. 5-р сард тус улсын нийт экспорт 5% өссөн ч Америк руу хийсэн экспорт нь өмнөх оноос 34% буурч, 2020 оноос хойших хамгийн доод түвшинд хүрэв. Асуудал даамжирвал Хятад ч гэдийж суух аргагүй болох тул Америкт Трампын тарифыг цуцлах, Европт EV-д ногдуулсан тарифыг хүчингүй болгох, дэвшилтэт технологио эргээд экспортолж эхлэх шаардлагуудыг тавьж буй. Үүний хариуд Хятад ГХЭ-ээ хэвийн экспортлох юм. 

Эцэст нь… Америк, Хятадын тарифын зодоон ГХЭ-ийн нөлөөгөөр зөөлрөх магадлалтай байна. Гэсэн ч том зургаараа Америк өөрөө эхлүүлсэн тоглоомдоо буулт хийхгүй бол эдийн засгийн хямрал үргэлжлэх л байх даа. Хорвоо…

ШУУД ДАМЖУУЛАЛТ