АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Алт уу? Криптовалют уу? Аль нь вэ хө?

 

2024 оны мөн үеэс алтны фьючерс гэрээний үнэ (GC=F) 44.2%, Биткойных (BTC) 51.6% тус тус өсжээ. Хөрөнгө оруулалтын уламжлалт хэрэгсэл болон шинэ үеийн дижитал хэрэгслийн хэн нь илүү хүмүүсийн анхаарлыг татаж байна вэ? 

🇺🇸 Крипто моод

Америкийн насанд хүрэгчдийн дунд хамгийн түгээмэл эзэмшдэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол криптовалют. Тухайлбал, 2024 онд 104 сая хүн криптовалют эзэмшиж байсан бол энэ онд 76% нэмэгдэж 183 саяд хүрээд байна. Энэ нь нийт насанд хүрэгчдийн 70.4% гэхээр тамтаггүй. Нөгөө талаар үнэт цаастай иргэдийн тоо 160 сая байгаа нь нийт насанд хүрэгчдийн 61.5%. Өнгөрсөн оны сүүлээс криптовалют эргээд моодонд орсон нь хөрөнгө оруулагчдын харцыг булааж, араасаа гүйлгээд байна уу гэмээр.

🥊 Онцлох тулаан

Дэлхийн түүхэд хамгийн итгэл даах хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол яах аргагүй алт байсан. Гэвч энэ статус цаашид Биткойн руу шилжих үү гэдэг олны анхаарлыг татаж байна. Шалтгаан нь Америкт 50 сая гаруй хүн Биткойн эзэмшиж буй нь алтнаас 35% өндөр дүн болжээ. Мөн Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 3 сард анх удаа Биткойны стратегийн нөөц сан болон дижитал хөрөнгийн улсын сан байгуулаад амжсан нь төр ч криптовалютуудад итгэл үзүүлж эхэлсний дохио болоод байна. 

🇲🇳 Манай крипточид

Энэ оны I улирлын байдлаар криптовалют эзэмшигчдийн тоо мөн үеэс 7.6% өсөж 941.1 мянгад хүрсэн ба баталгаажсан харилцагчид 464.9 мянга гэнэ. Үүнээс 31-45 насныхан хамгийн их буюу 48%-ийг бүрдүүлсэн аж. Харин үнэт цаасны хувьд мөн үеэс 7.5 мянган данс шинээр нээгдэж 2.6 саяд хүрэв. Яг нарийн хэдэн хүн криптовалют эзэмшиж буйг тогтоох бэрх ч идэвхтэй арилжаачдын тоо 11.7 мянга буюу нийт насанд хүрэгчдийн ердөө 0.5% нь криптовалюттай ажээ.

Дүгнэхэд… Криптовалютыг алттай харьцуулаад үзвэл эрсдэл нь тэнгэр газар шиг зөрүүтэй хэвээр байна. Ямартай ч крипто зуд дуусаж, ханшийн өөрчлөлтийг харвал зуны өнгө дажгүй байх төлөвтэй. Гэхдээ крипто цаг агаар яг л Монголын хаврын нэг өдөр шиг байдгийг санах нь зүйтэй шүү…

ШУУД ДАМЖУУЛАЛТ