Дэлхийд эдийн засгаараа 13-т эрэмбэлэгддэг $1.8 их наядын эдийн засагтай Өмнөд Солонгосын улс төрд ч гэм буруутай үйлдэл хийчхээд таг гүрийгээд суудаг нөхөд бий. Тэгвэл Өмнөд Солонгост гэм буруутай улс төрийн удирдагчдыг хэдэн өдрийн дотор огцруулдаг вэ?
🔦 Түүхийн жимээр
Хамгийн анхны импичмент буюу огцруулах тохиолдол 2004 онд Ерөнхийлөгч асан Но Мү Хён сонгуулийн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр гарч байв. Гэвч 63 хоногийн шалгалтын дараа түүнийг гэм буруугүйд тооцож, үргэлжлүүлэн ажиллаж байв. Үүнээс хойш 2 Ерөнхийлөгч, 1 Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явагдсан. Үүнээс 2 нь огцорч, 1 нь албан тушаалдаа үлдсэн. Огцруулах процесс дунджаар 89 өдөр үргэлжилдэг нь Өмнөд Солонгосын улс төрд огцруулах процесс нэн хурдан тооцогддогийг харуулна.
🗓️ Огцрох процесс
Өмнөд Солонгосын Үндсэн хуульд зааснаар, Ерөнхийлөгчөө 3 үе шаттайгаар огцруулдаг. Эхний шатанд Үндэсний Ассамблейн 300 гишүүний дунд санал хураалт явуулж, 2/3 нь огцруулах саналыг дэмжсэн тохиолдолд батлагдана. Үүний дараа Үндсэн хуулийн цэц 180 хоногийн дотор шийдвэр гаргах ба энэ хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрх түдгэлзэж, Ерөнхий сайд түр орлон гүйцэтгэгчээр ажиллах аж.
👨🏻⚖️ Эцэст нь огцруулах шийдвэр батлагдсан тохиолдолд Ерөнхийлөгч бүрэн эрхээсээ албан ёсоор чөлөөлөгдөж, 60 хоногийн дотор шинэ Ерөнхийлөгчийн сонгууль явагддаг байна.
🔮 Өнөөдрийн сонгууль
Улс төрийн олон сарын драмын эцэст солонгосчууд шинэ Ерөнхийлөгчөө өнөөдөр сонгоно. Ээлжит бус сонгууль нь экс Ерөнхийлөгч Юн Сок Ёль өнгөрсөн 12 сард төрийн эргэлт хийхээр оролдож, амжилтад хүрэлгүй 4 сард огцорсонтой холбоотой. Энэ сонгуульд ялах магадлал өндөртэй нэр дэвшигчдээр сөрөг хүчний Ардчилсан намын Ли Жэ Мён болон эрх баригч Ард Түмний Хүч намын Ким Мүн Су нар яригдаж байна.
Шинэ Ерөнхийлөгчийн хамгийн том шүдний өвчин нь Америкийн талаас экспортын голлох бүтээгдэхүүн болох ган, хөнгөн цагаан, автомашинд ногдуулсан 25% тариф ажээ.
Эцэст нь… Төр төмбөгөр, ёс ёмбогор гэх ардын үг бий. Энэ үг нь Монголын улс төрд биш Өмнөд Солонгосын улс төрд л хамгийн сайн тохирч буй бололтой…