АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Монголын зун цагийн шоу бизнес тэлсээр

 

Зун цаг айлчлан ирэхдээ гадаа талбайн тоглолтыг дагуулаад иржээ. 2024 онд Төв Цэнгэлдэх Хүрээлэн болон SocialPay Park-д нийт 17 тоглолт болсон бол энэ жилийн эхний хагаст тоглолтын тоо 16-д хүрээд байна.

🏟️ Шалтгааны эрэлд

Өнө эртний 20-25 мянган хүний багтаамжтай Төв Цэнгэлдэх Хүрээлэн буюу стадион нь тоглолт хийхэд хамгийн тохиромжтой газар байсаар ирсэн ч удахгүй болих сурагтай. Учир нь стадионыг нурааж, ирэх 3-4 жилд 30 мянган хүний суудалтай болгох аж. Нөгөөтээгүүр өмнө жил стадионтой адил багтаамжтай SocialPay Park нээлтээ хийсэн ба 2024 онд стадионд 10,  SocialPay Park-д 7 тоглолт тус тус болжээ. Одоогийн байдлаар энэ жил SocialPay Park-д 9, стадионд 7 тоглолт болохоор зарлагдсан бөгөөд хэрэв 9 сарын дунд хүртэл 7 хоногт 2 тоглолт болно гэж тооцвол том тоглолтын тоо 25-д хүрэхээр байна.

🎤 Орлого тооцоолъё

Тасалбарын борлуулалт нь тоглолтын ашигт том нөлөөтэй. Энэ оны энгийн тасалбарын дундаж үнэ ₮117 мянгад хүрсэн нь мөн үеэс 20% өссөн дүн аж. Харин VIP тасалбарын дундаж үнэ мөн үеэс 13% буурч, ₮639 мянгад хүрчээ. Ковидын дараах 2022 оноос энгийн тасалбарын үнэ 4 дахин, VIP тасалбарын үнэ 2 дахин тус тус өсөөд байна. Тоглолтын ашигт тасалбараас гадна хоол, уух зүйлсийн борлуулалт, ивээн тэтгэлэг чухал нөлөөтэйг дурдах нь зүйтэй. 

Тулаан: Тоглолтын тасалбарын зах зээлд эхэндээ shoppy.mnTICKET.mn өрсөлдөж байсан бол өдгөө Event X, Portal.mnboxoffice.mn нэмэгдэж, нийт 5 тоглогчтой болжээ.

🎼 Зардлын тухайд

Тоглолт зохиоход уран бүтээлчийн төлбөр, түрээс, тайз, тоног төхөөрөмж гэх мэт зардлууд томоохон хувийг эзэлнэ. Эдгээр зардал нь тоглолтын зохион байгуулалтаас шалтгаалж харилцан адилгүй байх талтай. Түрээсийн төлбөрийн хувьд 2024 онд стадионы нэг өдрийн түрээс ₮134 сая байсан аж. Том дүнгээр харвал тоглолт зохион байгуулахад ойролцоогоор ₮1 тэрбумын зардал гардаг ба 2024 онд XMF 2024 тоглолтын нийт зардал ₮1.3 тэрбум болсон гэнэ.

Хамгийн том: Тоглолтын том хувилбар нь фестиваль ба Монголын хамгийн том фестиваль бол Playtime Festival. Үзэгчдийн хувьд 2023 онд ойролцоогоор 79 мянган хүн очсон аж.

Эцэст нь… Зөвхөн тасалбарын борлуулалт үндэслээд тоглолтыг ашгийг тооцоод үзье. Хэрэв тоглолтод 20 мянган хүн ирж, бүх хүн ₮117 мянгаар тасалбар худалдан авбал ₮2.3 тэрбумын орлоготой ажиллана. Нөгөө талд зардал ₮1.3 тэрбум болно гэвэл ашиг ₮1 тэрбум байх ажээ. Гэвч ийм төгс орлоготой тоглолт үлгэрт л гарах биз ээ.  

ШУУД ДАМЖУУЛАЛТ