АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Монголын эмийн зах зээлд тоглогчдын сэлгээ

Хүнс, косметик, ресторан гэхчлэн Өмнөд Солонгосын бизнесүүд Монголд нэлээн амжилттай явж буй. Эмийн зах зээлд хэр томорч байгааг нь сонордуулъя. 

👀 Зах зээл

Өдгөө Монголд 7,400 эм бүртгэлтэй байгаагаас дотооддоо 2,000 орчмыг үйлдвэрлэж, үлдсэн 5,000 гаруй эмийг импортолж байна. 4 жилийн өмнө Орос, Словени, Герман, Энэтхэг, Унгар тэргүүтэй улсууд нийт импортын эмийн 57%, Өмнөд Солонгос 7% орчмыг бүрдүүлж 6-р байранд жагсдаг байв. Харин 2023 оны байдлаар Өмнөд Солонгос Монгол руу $16.9 саяын дүн бүхий эм экспортолж 2-р байранд жагсах болов.

⚡ Гэрлийн хурдаар тэлэв

Энэ дундаас Daewon Pharmaceutical болон DongKoo Bio & Pharma Монголын эмийн зах зээлд онцгой өсөлттэй ажиллажээ. Тухайлбал, Daewon Pharmaceutical “Coldwon” хэмээх ханиадны сиропыг 2022 онд зах зээлд нэвтрүүлж, тухайн ондоо $390,000-ын борлуулалттай, 2024 онд борлуулалт нь 2.3 дахин $900,000-ын орлого олсон байна. Зөвхөн 1 ханиадны эмийн борлуулалт энэ хэмжээнд байдаг гэхээр хавдрын эмээс олдог дүн бол…  

🏭 Ампул эмийн үйлдвэр: Харин DongKoo Bio & Pharma-н хувьд 2024 онд Мөнхийн Тун ХХК болон Mонгол Эм Импекс Концерн ХХК-тай саяхан нээлтээ хийсэн ампултай эмийн үйлдвэрийн хамтарсан гэрээг үзэглэж байв. 

🤝 Засагтай гэрээлэв: Үүнээс гадна тус ондоо Монголд охин компаниа байгуулж, ЗГ-тай чихрийн шижин, даралт ихсэх, мөөгөнцрийн тэргүүтэй 5 төрлийн эм нийлүүлэх гэрээ байгуулаад авсан.

🕸️ Эмийн бодлого

Импортод тулгуурласан эмийн зах зээлд тулгамдаж буй асуудал нь эмийн үнэ дэлхийн өндөр хөгжилтэй орнуудынхаас үнэтэй хэр нь үр дүнгүй байгаа явдал. Уг асуудлыг шийдэхээр ЗГ өнгөрсөн онд эм үйлдвэрлэгчдээс нь шууд худалдан авалт хийх журамтай болгож, үр дүнд нь өнгөрсөн 4-р сард Өмнөд Солонгосоос 5 төрлийн хавдрын эм хамт тус улсаас нийт 23 төрлийн эмийг авдаг болжээ.

💪🏻 Чадна аа: Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр ойрын хугацаанд Японоос 8 төрлийн эм оруулж ирэхээр төлөвлөж байгаа бөгөөд оны төгсгөлд зах зээлд байгаа өндөр үнэтэй чанаргүй эмүүдийг шахаж чадна хэмээсэн юм.

Эцэст нь… Өнгөрсөн оны эмийн сонсголоор зах зээлийн багтаамж ₮500-₮700 тэрбум, импортоор гарал үүсэл нь тодорхойгүй эм их хэмжээгээр орж ирдэг талаар хөндөгдөж байсан. Юутай ч ирэх оны төгсгөл гэхэд энэ асуудлыг засаж чадна гэж салбарын сайд нь ам гарлаа. Санаж явахад гэмгүй биз ээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ