Монголын улс төрийн ороо бусгаа энэ үед энгийн амьдралын хэв маягаараа алдартай Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен айлчилж байна.
🇦🇹 Параллель ертөнцийн улс төрч
Александр Ван бол манай улс төрчдөөс тэс ондоо буюу олон нийтийн тээврээр зорчдог, энгийн амьдралын хэв маягтайгаараа алдартай нэгэн. Тэрээр Монгол, Австрийн дипломат харилцаа тогтсоны 62 жилийн босгон дээр манайд анх удаа төрийн айлчлал хийж, олон талт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Харин 2 улсын нөхцөл байдлын тухайд 👇
Худалдаа: Алдагдал түм бум
2015-2025 онд Монгол Австри руу $32.3 саяын экспорт хийсэн ч $312.3 саяын бараа импортолж $280 саяын худалдааны алдагдал хүлээжээ. Бид Австри руу гянт болдын хүдэр, сүлжмэл хувцас, хөнжил зэрэг хуруу дарам цөөн бараа гаргадаг ч тэндээс хүнс, эм, ахуйн бараа гээд бүхнийг шахам авдаг аж.
🔍 Одоо юу өөрчлөгдөх вэ? Айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүд шууд экспорт нэмэхгүй ч дипломат паспорттай иргэд 90 хоног визгүй зорчих, хууль бус оршин суугчдыг буцаах, шинжлэх ухааны салбарт хамтрах зэрэг шинэ боломжууд нээгдэж байна.
💳 Зээл өгнө хө: Түүнчлэн Австрийн манайд өгсөн 4 удаагийн €40 саяын зээлийн хэлэлцээр дууссан тул шинээр байгуулахаар болов. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц зэрэг салбарт чиглэх аж. Нэмээд уул уурхай, ашигт малтмалын салбарт шинэлэг технологи нэвтрүүлэх санамж бичгийг байгуулж амжлаа.
📕 Сур^2 бас дахин сур: Цаашлаад, 2025–2030 онд хэрэгжүүлэх шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд “Мобилити” хөтөлбөрөөр эрдэмтэн, судлаач солилцох бол Монголын Консерватор ба Венийн урлагийн их сургууль хамтран хөгжмийн зохиолч, уран бүтээлчдийн туршлага солилцоог эхлүүлэх нь.
🔖 Бонустайгаа ирэв
Айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтаж, хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээгдэх боломж бүрдэв. Угаас Австри бидний мөрөөддөгөөс ч илүү буюу жилд 30 сая жуулчин хүлээн авдаг. Тэдний аялал жуулчлалын компаниуд ч Монголыг шинэ зах зээл гэж хараад ихэд сонирхож байгаа гэнэ.
Эцэст нь… Уг нь бидэнд боломж дутдаггүй. Нөөц нь байна, үүдээ нээх улс ч цөөнгүй. Гэвч асуудал дотооддоо. Төр нь авлигын гүйдэлтэй, улс нь муу нэртэй модон данстай. Ийм нөхцөлд сайхан айлчлал, сүртэй баримт бичгүүд ч амьдралд бууж, үр дүн өгөх нь ховор байна даа.