Америкийн их сургуулиуд дундаас патент бүртгүүлсэн тоогоор айргийн 5-д үргэлжид багтдаг Massachusetts Institute of Technology (MIT)-н эрдэмтэд хүрээлэн буй орчинд чухал нээлтийг хийв. Тодруулбал, тэд нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) барьж хадгалах технологийн үр ашгийг 6 дахин нэмэгдүүлэх, өртгийг 30% бууруулах боломжтой нано-шүүлтүүрт мембраныг (nanofiltration membrane) гарган авчээ.
🤔 Ач холбогдол нь юу гэж?
CO₂ барьж хадгалах технологи нь агаараас CO₂ хийг барьж авч, хөрсөн доор эсвэл бусад аюулгүй орчинд удаан хугацаагаар хадгалах процесс юм. Энгийнээр агаар дахь CO₂-н хэмжээг бууруулах технологи гэж хэлж болно. Бизнесийн ертөнцөд CO₂ барьж хадгалах технологи хүчээ авсан бөгөөд томоохон компаниуд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахдаа байгалийн шийдлүүд ашигладаг бол сүүлийн үед CO₂ барьж хадгалах технологи руу чиглэх болов.
🧢 Тоо худлаа ярихгүй
Энэ оны I улиралд дэлхий дээр нийт 50 сая метр тн CO₂ барьж хадгалах хүчин чадалтай байгууламжууд ажиллаж байгаа ба цаашид энэ тоо 2030 онд 430 сая метр тн-д хүрэх тооцоо гарчээ. Тус өсөлт нь технологийн томчуудын хурдтай өсөлттэй холбоотой. Жишээлбэл, Microsoft (MSFT) болон Apple (AAPL)-н CO₂ шингээлтэд суурилсан нөхөн төлбөрийг хэмжээ бусад газрын тос, агаарын тээврийн салбарын компаниудаас илүү өндөр аж. Мөн AI-тай холбоотой эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй нь нөхөн төлбөрийн хэмжээ өсөхөд ихээр нөлөөлж буй гэнэ.
🇲🇳 Бидний тухайд
CO₂ барьж хадгалах технологи нь одоогоор бүрэн нэвтрээгүй ба бэлчээрийн менежмент, тогтвортой ойн менежментийг сайжруулснаар байгалийн аргаар хөрс болон биомассаар CO₂-н шингээлтийг нэмэгдүүлэх шийдлийг ашиглаж байна.
🧏🏻 Сонирхуулахад, Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.2%-ийг эзэлдэг ч 1 хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтаар 9-рт жагсаж байна. Мөн нэгж ДНБ-д ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт Хятадаас 7 дахин, Америкаас 22 дахин өндөр түвшинд ажээ. Нэг ёсондоо, хуучны, хоцрогдсон, үр ашиг багатай технологи ашигласаар байна.
Эцэст нь… CO₂ барьж хадгалах технологийн дэвшил нь хүлэмжийн хийтэй холбоотой зах зээлд томоохон боломж нээж байна. 2024 онд гэхэд шинээр хийгдсэн карбон кредитийн гэрээ 74% өссөн ба энэ жил 2 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Цаашид зах зээл нь бол нугараад л явчих нь дээ.