Монголын стартап экосистем хөгжлөөрөө дэлхийд 80-р байранд, Зүүн Өмнөд Азидаа 5-рт бичигдэж байна.
📃 Энэ удаад стартап судалгааны компани StartupBlink-н 2017 оноос хойш жил бүр эрхлэн гаргадаг “Дэлхийн стартапын экосистем” индексийн 2025 оны тайланг тоймлон хүргэж байна. Индексэд 100 орны стартапуудыг хотын, улсын, бүсийн, дэлхийн хэмжээнд гэхчлэн жагсаажээ.
🙃 80/100
Монгол Улс дэлхийн хэмжээнд 1 байр ахиж 80-р байранд жагссан мэт боловч бодит байдал дээр манай улсын стартапын экосистем тус онд 5% буурсан. Харин Зүүн Азид нэлээн дээгүүр буюу 5-р байранд байгаа ч бүс нутагтаа бууралттай цор ганц улс болжээ. Товчоор Монгол Улсын 1 байр ахисан шалтгаан нь үе тэнгийн үхэр, хонь жилтэнгүүдийн үзүүлэлт биднийхээс дор байсантай л холбоотой.
🚀 Өсөж явна, Улаанбаатар: Цаашлаад, хотын хэмжээнд Улаанбаатар 5 байр ахиж 436-рт бичигдэв. Энэ нь дийлэнх стартапууд маань Улаанбаатар хотод төвлөрсөнтэй шууд холбоотой буюу Америкийн 10 хот, Хятадын мөн 10 хот тус тусдаа байранд жагсаж байгаа.
🗣️ Гялс хураангуйлав: Дэлхийн хамгийн лаг стартап экосистемтэй улсаар Америк 4 дэх жилдээ тэргүүлж араас нь Их Британи, Израиль, Сингапур жагсжээ.
😋 Өөдрөг амьдарна аа…
Тайлангийн хараа булаасан хэсэг нь ирэх 7 жилд $1 тэрбумын үнэлгээтэй 5 юникорн төрүүлэх зорилт байлаа. Тус ажлыг Засгийн газар урт хугацааны алсын харааныхаа нэг хэсэг болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд нь Цахиурын хөндий дэх Торгоны зам инновацын төв гүүр болох юм гэнэ.
Монголын технологийн компаниуд нэг үеэ бодоход гадна, дотноос санхүүжилт авч, зах зээлээ тэлэхээр эрчимтэй хөдөлж байгаа. Саяхан EguneAI Голомт банк (GLMT) ХК-иас $3.5 саяын санхүүжилт татсан бол ONDO Spcae Их Британийн 15 дахь удаагийн Seraphim Space-н хурдасгуур хөтөлбөрт шалгарсан анхны Монгол компани болсон.
Эцэст нь… Хэдий Монголын стартап экосистем харьцангуй залуу буюу стартапуудын бараг 63% нь сүүлийн 4 жилд үйл ажиллагаа явуулж байгаа стартапууд ч Төв Ази, Зүүн Өмнөд Ази руу эхнээсээ гарч байна. Монгол юникорнтой болох мөрөөдөл тийм ч хийсвэр мөрөөдөл биш шүү. Гол нь өөдрөг.