Ерөнхий сайдыг гэр бүлийн орлогоо нотлохоос эхэлсэн жагсаал хамтарсан ЗГ-ыг тараах хүртэл өргөжиж, 8 дахь өдрөө үргэлжилж байна. Үйл явдлыг тогтоод нэг харъя.
🧑🤝🧑 Саарал ордны гадна
Өнгөрсөн Бямба гарагт Ерөнхий сайд хүүгийнхээ холбогдсон асуудлаар нэр бүхий цөөн хэдэн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч, “Огцрох Амархан” жагсаалыг ялаануудын “Цүнхтэй жагсаал” гэж үзэж байгаагаа хэлэв.
1️⃣ Улмаар жагсагчид шаардлагаа өргөтгөж, 1-рт Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрохгүй бол УИХ-ын гишүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж түүнийг огцруулах саналд гарын үсэг зурах, 2-рт шинээр хамтарсан ЗГ байгуулахгүй байх, 3-рт Үндсэн хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй байх гэсэн 3 шаардлагыг тавин жагсаж байна.
2️⃣ Харин бие даасан, чөлөөт хэвлэл мэдээллийнхэн Ерөнхий сайдад ил тод нээлттэй ярилцлага хийх шаардлага тавьж, нэгдэж эхэлсэн юм.
🏛️ Саарал ордон дотор
Харин ордон дотор жагсагчдын шаардлагыг эрх баригчид өөр өөрийн арга, гаргалгаагаар хариулах гэж оролдож эхлэв. Тухайлбал, Даваа гарагт Ерөнхий сайд болон Ерөнхийлөгч уулзаж, Ерөнхий сайдыг ажлаа өг эсвэл хамтарсан ЗГ-аас АН, ХҮН намыг гарга хэмээсэн. Харин Ерөнхий сайдын зүгээс өнөөдөр 15 цагаас намын удирдах зөвлөлөө хуралдуулахаар болов. Хурлын гол агуулга нь Ерөнхий сайдын бус хамтарсан ЗГ-ын ирээдүйг шийдэх.
😴 Том зургаараа: Ерөнхий сайд огцрох эсэх нь түүний өөрийн хүсэлт эсвэл намын хүсэлтээс л хамаарах буюу аль нэг нь байхгүй бол огцрохгүй нь. Өөрөөр бол Ерөнхий сайдыг огцруулах эрхтэй УИХ-ын гишүүдийн дийлэнх нь түүнийг өмөөрсөн, нэмээд гүйцэтгэх засаглал тогтвортой байх ёстой гэх санааг удаа дараа илэрхийлж байна.
Эцэст нь… МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэхгүй гэх яриа гарсан. Нэг намын эрх мэдэл, төвлөрлийг хязгаарлах иргэдийн итгэлээр УИХ-д суудалтай болсон АН, ХҮН намын дарга нар Ерөнхий сайдыг цээжээрээ хамгаалаад байдаг. Залуусын жагсаалын дүнд Ерөнхий сайд огцрох биш ЗГ-ын АН, ХҮН намын гишүүд хаягдаад дуусах вий дээ. Ядаж байхад жагсаалыг самрах оролдлогууд нэмэгдсээр…