Өдөр хоног улирсаар хорвоо дэлхий даяаршсаар яваа энэ цагт бизнесийн амжилтыг брэндийн үнэ цэнээр нь тодорхойлох боломжтой. Тэгвэл манай гаригийн 2025 оны хамгийн өндөр үнэлгээтэй 20 брэндийн талаар нэгд нэгэнгүй харцгаая.
📝 Тооцох ухаан: Брэндийн үнэлгээг тухайн брэндийг эзэмшигч компанийн санхүүгийн үнэлгээг брэндийн орлогод үзүүлэх нөлөөгөөр үржүүлж тооцсон аж.
💎 Тод гялалзах #20
ТОП-20 брэндийн зах зээлийн үнэлгээ $23 их наяд ч брэндийн үнэлгээ нь 3.3 дахин бага буюу $6.9 их наядаар үнэлэгджээ. Эдгээр брэндийн дундаж үнэлгээ $346.9 тэрбум бөгөөд Apple (AAPL) $1.3 их наядаар үнэлэгдсэн нь хамгийн өндөр дүн болов. Харин брэндийн үнэлгээг зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад хамгийн ойролцоо үнэлэгдсэн нь 97%-иар McDonald’s (MCD) байсан бол эсрэгээрээ хамгийн зөрүүтэй нь Walmart (WMT) 15%-иар үнэлэгдсэн аж.
🧑🏻💻 Давамгай салбар
Өндөр үнэлгээтэй 20 брэндийн 80% нь технологийн салбарт хамаарах ба эдгээрийн брэндийн үнэлгээ нь $6.4 их наядад хүрч, нийт 20 брэндийн үнэлгээний 92%-г бүрдүүлж байна. Үүнээс хиймэл оюун ухааныг бизнестээ түрүүлж нэвтрүүлсэн нь Google (GOOG), IBM (IBM), Microsoft (MSFT) брэндүүд байсан бол блокчейн технологийг Microsoft, Accenture, IBM брэндүүд анхлан дэлгэрүүлжээ. Мөн өнгөрсөн оноос эдгээр 16 технологийн салбар брэндийн үнэлгээ дунджаар 50% нэмэгдсэн аж.
🧠 Онцлох хэрэгтэй ChatGPT
Энэ жилийн шилдэг залуу брэндээр OpenAI-н ChatGPT тодров. Тус брэндийн үнэлгээ $43.6 тэрбумд хүрч #60 байранд орж, эхний 100-н брэндээс хамгийн залуу нь болжээ. Өмнөх 2 сард гарсан мэдээллээр долоо хоногийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь 400 саяд хүрээд буй. Сонирхуулахад, Ghibli Studio маягаар зургаа өөрчилсөн халуурлын үед эхний 5 өдөрт шинээр 1 сая хэрэглэгч орж ирсэн бол оргил үе болох 4 сарын 1-нд ганцхан цагийн дотор 1 сая хэрэглэгч шинээр бүртгүүлжээ.
Дүгнэхэд… Маркетингийн гүрү Сет Годин “Хүмүүс дан ганц бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаггүй. Тэд харилцаа холбоо, дурсамж, гайхамшгийг авдаг.” хэмээжээ. Тухайн бизнес орлогоо бодоод хорголоо тоолоод байвал урт хугацаандаа амжилттай явах нь хэцүү. Амжилттай бизнес бүтээхийг хүсвэл брэнд дээрээ ч анхаарах нь зүйтэй.