Сүүлийн хэдэн өдөр Ерөнхий сайдын хүүтэй холбоотой хэргээр хөрөнгө, орлогоо ил болгохыг шаардсан иргэдийн шаардлага ширүүсэж байна. Үйл явдалтай холбоотойгоор хэдэн сайд нарынхаа хөрөнгө, оруулгын мэдүүлэг (ХОМ)-ийг эргэн нэг харцгаая.
✊🏻 Хуучин 16 + Шинэ 6
Одоогийн Засгийн газар нийт 22 сайд нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагаас кабинетад шинээр орж ирсэн АН болон ХҮН намын 6 сайдаас бусад сайд нарын ХОМ олон нийтэд нээлттэй байгаа. Сайд нарын ХОМ-ийг сүүлийн 3 жилээр харахад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн жилийн орлого 2023 онд өмнөх жилээсээ 551%, 2021 оныхоос 23,235.8% өсөж ₮10 тэрбумд хүрсэн байна. Тус өсөлтөд 2023 онд бүртгэгдсэн ₮9 тэрбумын авлага ихээхэн нөлөөлжээ.
➕ Цаашлаад, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы жилийн орлого 2023 онд 2021 оныхоос 565.8% өсөж ₮79.9 саяд, Байгаль орчны сайд С.Одонтуяагийнх 122.9% өсөж ₮146.9 саяд хүрсэн байна. Харин хөрөнгийн өөрчлөлтөөрөө Сангийн сайд Б.Жавхлан цойлсон буюу 110% өсөж ₮2.3 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлжээ хө.
🏃🏻♀️💨 Бултуулан булав
Энэ 7 хоногийн халуухан сэдэв болсон Ерөнхий сайдын ХОМ-ийн хувьд түүний орлого өнгөрсөн 3 жилд 3.8% өсөж ₮243.9 сая, хөрөнгө нь 18.2% өсөж ₮1 тэрбумд хүрээд буй. Харин гэр бүлийн орлого нь сүүлийн 5 жилд ₮14-₮15 саяд хэлбэлзсэн харагдана. Товчхондоо түүний ХОМ-ийг бусад сайд нартай харьцуулахад маш даруухан буюу ₮364 саяын 1 орон сууц, ₮30 саяын Toyota Highlander автомашин, ₮169 саяын мал сүрэг, ₮67.5 саяын дүн бүхий үнэт эдлэл, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрших ₮133 саяын мөнгөн хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байгаа юм.
😷 Гажиг: Угтаа ХОМ-ээр эрх баригчдын хөрөнгө, орлогын ядаж багцаа нь харагдах учиртай. Эрх баригчид хөрөнгөөсөө давсан хэрэглээгээ авлига, хээл хахуулаар санхүүжүүлж байгаа нь түмэнд ил болсон ч хэн ч юу ч хийж чаддаггүй нь эмгэнэлтэй.
Эцэст нь… УИХ болон ЗГ-ын гишүүдийн дийлэнх нь ямарваа нэгэн бизнестэй, хамаарал бүхий компанитай, идэж уусан асуудалтай байдаг нь жам боллоо. Энэ үзэгдэл монголчуудад хэдийнээ танил, жам болтлоо ужгирсан байгаа нь л тогтолцоо хэр ялзарч, гажуудсаныг харуулж байгаа юм.