Ногдол ашгаа хүртэх нь яг л ургацаа хураахтай адил. Энэ оны ногдол ашиг тараах ХК-иудын нэгдсэн судалгаанд нийт 44 ХК ₮1.1 их наядыг олгохоор шийдсэн байгаа. Дүрэм журмаараа 4 сарын 30-нд багтаад ногдол ашгаа тараах ёстой ч зарим ургац хоцорч хураагдах төлөвтэй шүү.
🧮 Бүгд 44, Ирц 29
Одоогийн байдлаар 29 ХК ҮЦТХТ-өөр дамжуулан ₮401.9 тэрбумыг хувьцаа эзэмшигчдэд олгожээ. Давхардсан тоогоор 217 мянган хувьцаа эзэмшигч ногдол ашиг хүртэж, нэгж хувьцаанд дунджаар ₮155.1 ногдол ашиг тараагдсан хэрэг. Ингэснээр өмнө жилийн мөн үеэс ногдол ашиг тараасан ХК 6-гаар нэмэгдэж, нийт олголт ₮100 тэрбумаар нэмэгдсэн аж.
🌽 Хоцорсон ургац: Уг нь 4 сарын 30-ны дотор тараах ёстой ч 12 ХК нь 5 сараас гарснаас хойш ногдол ашгаа хуваарилжээ. Ямартай ч хараахан ногдол ашгаа олгоогүй 15 ХК-ийн хувьцаа эзэмшигчид хэзээ нэг нартай өдөр ургацаа хураах биз ээ.
🏔 Санхүүгийнхан оргилд
Ногдол ашгаа олгосон 29 ХК-ийн 14 нь санхүүгийн салбарынх ба нийт олгосон дүнгийн 97% буюу ₮389.7 тэрбумыг тараав. Нарийн харвал банкны салбар ₮363.4 тэрбумыг бүрдүүлж, ХААН Банк (KHAN) дангаар ₮326.9 тэрбумын ногдол ашиг олгожээ. Өмнө жил $KHAN мөн адил ногдол ашгийн дүнгээр тэргүүлсэн. Дараалж түрүүлсэн тул аварга цолын болзлоо хангачхав уу даа.
Сануулахад: Жижиг хувьцаа эзэмшигчид ҮЦТХТ-өөр дамжуулж ногдол ашгаа авдаг бол стратегийн хөрөнгө оруулагчид тухайн ХК-иас ногдол ашгаа хүртдэг билээ. Жишээлбэл, Монголын Хөрөнгийн Бирж (MSE) 2024 оны цэвэр ашгаас ₮16.4 тэрбумыг ногдол ашигт хуваарилахаар шийдэж, жижиг хувьцаа эзэмшигчид ₮5.3 тэрбумын ногдол ашгийг ҮЦТХТ-өөр дамжуулж авсан аж.
Дүгнэхэд… Хувьцаанд хөрөнгө оруулах шийдвэр гаргалтад ногдол ашиг багагүй нөлөөтэй. Жил бүр ногдол ашиг тараах ХК-иудын болон ногдол ашгийн дүн нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Ирэх жил ургац арвин байг ээ. Гагцхүү гамшигт үзэгдэл л үл болоосой…