Улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст гавьяат зүтгэлтэн цолыг олгодог. Санхүүгийн зах зээлийн хөгжлийг арилжаалагдаж буй хэрэгслийн тоо, хөрөнгө оруулалтын дүнгээр хэмжиж болно. Хэрэв эдгээр хэмжүүрээр харвал Биржийн бус зах зээл (ББЗЗ)-д гавьяатын тодорхойлолт гаргаж өгөхөд бэлэн байна. Учир нь 2024 онд ББЗЗ дээр 131 бонд арилжаалагдаж ₮1.7 их наядын санхүүжилт татагджээ.
🔍 Том зургаар
2024 онд ББЗЗ дээр нийт 95 үнэт цаас гаргагч оролцсон нь 2023 оноос 51% нэмэгдсэн бол бондын тооны хувьд 33% буурч 131 болсон аж. Тоо буурсан ч чанар гэгчээр татан төвлөрүүлсэн үнийн дүн огцом нэмэгдэв. Тухайлбал 2024 оны бондуудын татан төвлөрүүлэлт жилийн өмнөхөөсөө 101% нэмэгдэж ₮1.7 их наядад хүрчээ. Нэмээд $-ын бондуудын татан төвлөрүүлэлт ч 115% өсөж $71.9 саяд болсон байна.
📊 Арилжааны хувьд
₮ хувьд: Анхдагч арилжааны хувьд нийт ₮1.6 их наядын дүнтэй тэнцэх арилжаа явагдсан буюу 7 хоногийн арилжааны дундаж нь ₮31.1 тэрбум байсан хэрэг. Харин хоёрдогч зах зээл дээр 7 хоногт дунджаар ₮21.1 тэрбумын арилжаа явагдсан байна. Өнгөрсөн жилийн хамгийн өндөр дүнтэй арилжаа 6 болон 12 саруудад явагдсан нь “Бөөрөлжүүтийн цахилгаан станц бонд 2” болон “Улаанбаатар хот ЭХХС бонд 1”-тэй холбоотой аж.
$ тухайд:Өмнөх онд анхдагч арилжаа нийт $69.8 саяар арилжаалагдсан ба 7 хоногийн дундаж дүн $5 сая. Хоёрдогч арилжааны тухайд ₮12.7 саяын дүнтэй тэнцэх арилжаа хийгдсэн аж. Сонирхуулахад, өнгөрсөн онд хоёрдогч арилжааны хувьд $-ын бонд нийтдээ 20 долоо хоногт л арилжаалагдсан бол төгрөгийн бонд жилийн 52 долоо хоногийн турш идэвхтэй байв.
💵 Бондуудыг шинжих нь
Салбар: Зах зээлд гаргасан бондуудыг салбараар нь харвал нийт бондын хамгийн их буюу 46.9% нь санхүүгийн салбарт хамаарах аж. Удаах байранд 38.4% нь эрчим хүчний салбарынх байлаа. Санхүүгийн салбар дундаа бонд гаргалтаар тэргүүлж байгаа нь ББСБ-ынхан аж.
Төрөл: Нийт бондын 4% нь 36 ба түүнээс дээш сарын урт хугацаатай бондууд байв. Үүний араас 24 сарын хугацаатай бонд 13%, 18 сарын хугацаатай бонд 24%, 3-12 сарын хугацаатай бонд 59%-ийг тус тус бүрдүүлжээ. Хэрэв уншигч та бонд гаргахаар бол 3-12 сарын хугацаатайгаар бондоо гаргавал оновчтой байж болох юм.
Эцэст нь… Сүүлийн 4 жилд ББЗЗ дээр нэг талаасаа хөрөнгө оруулалт босгож санхүүжилт татах боломжтой болсон. Нөгөө талаас хөрөнгө оруулагчид ашиг орлого олж буй нь зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйн илрэл билээ.