Алтны үнэ зах зээлийн эвгүй, огцом хөдөлгөөнийг даган түүхэн дээд хэмжээгээ дахин, дахин эвдэж байсан бол өчигдрийн байдлаар 4-р сарын оргил үнээсээ 4.3% уналаа. Харин манай Монголын алтны зах зээл юу болж байна вэ?
78% 🆚 128%
Алтны фьючерс гэрээний үнэ (GC=F) 2021 оны 5-р сараас хойш 78% өссөн. Харин Монголбанкны алт худалдан авах үнэ 128% өссөн аж. Монголбанк уг үнийг Лондоны металлын биржийн үнээр тогтоодог буюу фьючерс биш, спот үнэд суурилж буй. Өөрөөр хэлбэл, Монголбанкны үнэд ханшийн хэлбэлзэл, татвар, логистикийн зардал зэрэг нэмэлт хүчин зүйлс нөлөөлж байгаа хэрэг.
📉 Үнийн өсөлт, худалдааны бууралт: Монголбанкны алт худалдаж авах үнэ 2021 оны 10-р сарын дунд үеэс хойш тасралтгүй өсөж буй. Харин үнэт металл худалдан авалтын хэмжээ 2010-2022 он хүртэл тасралтгүй өсөж байсан ч үүнээс хойш жил бүр буурсаар. 2024 оны дүн 2022 оны түүхэн өндөр цэгээс 27.9% бага байх жишээний.
🔄 Ерөнхий зургаар: Монголбанк нөөцөө төрөлжүүлэх, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор алт, мөнгө худалдаж авч, гадаадын цэвэршүүлэх үйлдвэрт цэвэршүүлдэг. Энэ утгаараа 2018-2023 оны хугацаанд нийт 122.2 орчим тн үнэт металл худалдан авч ГВУН-ийг өссөн дүнгээр $4.8 тэрбумаар нэмэгдүүлсэн байдаг.
🎢 Нөгөө талын хэлбэлзэл
Цаашлаад, алтны экспортын хувьд 2018 оноос хойш савлагаа ихтэй байгаа. 2020 онд хамгийн их буюу 30.5 тн алт экспортолж $1.8 тэрбумын орлого олж байсан бол 2024 онд харгалзан 11.65 тн, $899 сая болж буурсан. Угаас бид алтныхаа 90% орчмыг ганц улс буюу Швейцар руу гаргадаг тул тус улсын эрэлт хамгаас чухал.
Эцэст нь… Монголын алтны зах зээл дэлхийн зах зээлтэй холбоотой, өргөн хүрээг хамарсан динамик системтэй. Нэмээд алтны үнийн хэлбэлзэл, худалдан авалт, экспортын хандлага нь эдийн засгийн байдал, валютын ханштай холбогдож байдаг. Тэгэхээр бид өнгөрсөн жил попроод байсан алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудлаа урагшлуулж, 1 улсын хамаарлыг бууруулах хэрэгтэй байна даа.