АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Монголын агаарын тээврийн салбарын тоглогч нэгээр нэмэгдлээ

 

Зээ, сарын сайныг сайтан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээсээр маргааш United Airlines (UAL) Нарита-Улаанбаатар чиглэл дэх анхны нислэгээ үйлдэх нь ээ. Өмнө нь тус чиглэлийн нислэгийн 81%-д МИАТ ТӨХК, 19%-д нь Аэро Монголиа ХХК нислэг үйлддэг байсан юм. 

✈️ Дотоодын 5, Гадаадын 17

United Airlines тус чиглэлд нислэг үйлддэг болсноор Монгол руу нислэгийн маршруттай гаднын авиа компанийн тоо нэгээр нэмэгдэж 17 болж байна. 2019 онд 8 гаднын авиа компани нислэг үйлддэг байв. Гаднын авиа компаниудыг улсаар нь харвал хамгийн олон буюу Өмнөд Солонгосын 8 компани, Оросын 4, Хятадын 3 компани тус тус нислэг үйлдэж буй.   

🌇 Энэ зун тус 3 улс дээр нэмээд Турк, Тайландын авиа компаниуд 22 чиглэлд нийт 10,116 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. 

🇲🇳 Агаарын тээврийн зах зээл 

2022 он буюу цар тахлаас хойш Монголын агаарын тээврийн зах зээл хурдацтай хөгжиж яваа. Тухайлбал, өнгөрсөн онд олон улсын нислэгээр зорчсон зорчигчдын тоо 2022 оноос 2.8 дахин өсөж 1.7 саяд хүрсний 61.5%-ийг үндэсний авиа компаниудын нислэг бүрдүүлсэн байдаг. Улмаар дотоодын агаарын тээвэрлэгчдийн орлого 2024 онд түүхэндээ анх удаа ₮1 их наядыг давжээ.   

🤼‍♀️ Гол тоглогчид 

Харж байгаачлан Монголын агаарын тээврийн зах зээлд дотоодын компаниуд давамгай буюу дотоодын 3 авиа компани зах зээлийн 69%, гаднын 9 компани 31%-ийг эзэлж буй. Энэ дундаа өнгөрсөн 3-р сарын байдлаар МИАТ ТӨХК нийт зах зээлийн 51%-ийг, Хүннү Эйр ХХК, Аэро Монголиа ХХК, Air China (601111.SS) болон Korean Air (003490.KS) тус тус 9%-ийг эзэлж буй.  

💡 Сонирхолтой нь Korean Air, Asiana Airlines-г худалдан авсныг харгалзан үзвэл тус 2 компанийн Монголын зах зээл дэх хувь хэмжээ 12% болно. 

Эцэст нь… $UAL 7 хоногт 3 удаа Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэхээр байгаа. Далайд гарцгүй Монголын агаарын хил тэлж байгаа нь яамай даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ