АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Оюу толгой рекорд тогтоолоо

 

Нүүрсний үнэ унаж, экспорт элгээрээ хэвтэж байгаа энэ үед Оюу толгойн үйлдвэрлэл нэмэгдсэн сайн мэдээтэй. Бүр болоогүй гүний уурхайгаас өдөрт хамгийн ихдээ 45 мянган тн хүдэр боловсруулж шинэ дээд амжилт тогтоожээ

📈 Өсөлтийн замдаа… 

Оюу толгой өнгөрсөн онд 2015-2016 онд тогтоож байсан амжилтаа эвдсэн. Харин энэ оны эхний улиралд зэсийн зах зээл дээр үнэ унаж, тогтворгүй байдал үүссэн ч баяжуулах үйлдвэрийнх нь өргөтгөл бүрэн дууссанаар зэсийн үйлдвэрлэл нь жилийн өмнөхөөсөө 41.7% өсөж 65.2 мянган тн-д хүрсэн байна. Алтных ч мөн 43.7% өсжээ. Энэ эрчээрээ 2028 он гэхэд 1 улиралд 125 мянган тн орчим зэс үйлдвэрлэдэг болох тооцоотой байгаа билээ. 

⛏️ Цаашид ч өснө: Энэ онд тэдний зэсийн үйлдвэрлэл өмнөх жилийнхээс 50% өсөхөөр байгаа. Угаас энэ оны II хагаст анхдагч бутлуур ашиглалтад орох тул үйлдвэрлэл эрчимжихээр буй. Нэмээд Оюу толгойд ухаалаг үйлдвэр төслийг эхлүүлсэн гэнэ. Ингэснээр эвдрэл, доголдол гарах эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх боломжийг олгож байна.

📌 Хувь нэмрийн тухайд

Цаашлаад, Оюу толгойн тайлант хугацааны хөрөнгө оруулалт $510 сая байсан аж. Түүнчлэн орон нутгийн тогтвортой хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд ₮10.7 тэрбумыг зарцуулсан нь жилийн өмнөхөөсөө 37.2% өсжээ. Арга ч үгүй биз ээ, тэдний Говийн оюу хөгжлийг дэмжих сан энэ жил 10 нас хүрч байгаа бөгөөд саяхан л гэхэд Даланзадгад суманд 1,200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулаад буй.  

Эцэст нь… Оюу толгой энэ улиралд үйлдвэрийн төлөвлөгөөг бүрэн биелүүлэхээр ажиллаж буй. Нэмээд энэ жилдээ сэргээгдэх эрчим хүч ашиглах гэрээ хэлэлцээр хийх хүлээлттэй байгаа гэсэн шүү. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ