Хэвлэл мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ хэлэлцэхээр боллоо.
🔎 Яагаад онцлох болов? Энэ удаагийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 27 жилийн дараа Хэвлэл мэдээллийн тухай хуульд засвар хийх гэж байгаа хэдий ч салбарынхан болон зарим УИХ-ын гишүүд агуулга сул хуулийг буцаан татаж, ахин боловсруулах хэрэгтэй хэмээж буй.
😷 Косметик засвар
Тус хуулийн төслийн гол зорилгыг хэвлэлийн эрх чөлөөг хадгалж, бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр мэдээлэл түгээх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршино хэмээсэн. Шинэчлэлийг нь харвал,
Сэтгүүлч, редакц, хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн нэр томьёо болон үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг хуульчлах,
Төрийн болон орон нутгийн өмчит байгууллага дэргэдээ мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох, өөрийн үйл ажиллагааг сурталчлуулахаар бол тендер зарлаж шалгаруулах,
5%-иас дээш хувь эзэмшигч, эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн мэдээллийг ил тод болгох,
Иргэд болон байгууллага нь тухайн мэдээлэлтэй холбоотой гомдлыг шууд редакц, эсвэл өөрийн зохицуулалтын байгууллагад гаргах эрхтэй болох.
Хуулийн төсөл шүүмжлэл дагуулж буй шалтгаан нь хараат бус редакцтай хэвлэл мэдээллийн өдөр тутамдаа өөрсдийн дотоод бодлого, журмаар зохицуулдаг харилцааг хуульчилж байгаа явдал. Цаашлаад, гүтгэх нэрийн дор сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэж байгааг халж, зөрчлийн хуулиар шийднэ гэсэн ч Эрүү, Иргэний хууль дахь гүтгэлэгтэй холбоотой заалтууд засагдаагүй цагт сүртэй өөрчлөлт гарахгүй.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хавар хэлэлцэхээр байгаа тиймээс ч уг хуулийг Эрүүгийн хуулийн шинэчлэлттэй хамт хэлэлцэх нь хууль хоорондын уялдаа холбоог сайжруулахад чухал нөлөөтэй. Гэсэн ч гялс хэлэлцээд, гялс батлах төлөвтэй.
🤫 Бодит байдал
Өнгөрсөн жил Монгол дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексэд 21 байр ухарч 180 орноос 88-рт бичигдэж байсан бол энэ онд 109-рт бичигдэж, “асуудалтай” ангиллаас “хүнд нөхцөл байдалтай” гэсэн ангилалд орсон.
Эцэст нь… Хууль тогтоогчид, сахиулагчид өнөөг хүртэл хэвлэл мэдээллийнхний хэвлэн нийтлэх эрх чөлөөг гүтгэлэг, худал мэдээлэл тараах явдлаас ялгаж, салгаж чадахгүй байна. Эргээгээд үүнийг зэвсэг шиг ашиглаж байгаа учраас бид хэвлэлийн эрх чөлөөний индексэд тогтмол ухарсаар. Ахиад л нэг асуудал шийдэх бус шинэчилсэн нэртэй агуулга сул хууль айсуй.