УИХ энэ 7 хоногт Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Тоонууд: Өнгөрсөн оны байдлаар нийт 2.3 сая гаруй хүн ББСБ-д ₮5.2 их наядын зээлтэй байна. ББСБ-уудын чанаргүй зээлийн хувь хэмжээ 6.1%. Харин нөгөө талд банкны салбарынх ₮37.1 их наяд, чанаргүй зээл нь 5.1% байжээ.
🧭 Хуульд шинэчлэл хийх шаардлага
Зээлийн мэдээллийн санд 13 арилжааны банк, 436 ББСБ, 1.6 сая иргэн, 19.6 мянган ААН, төрийн сангийн мэдээлэл хадгалагдаж буй. Одоо мөрдөгдөж буй хуульд зээлийн мэдээллийг ашиглан зээлжих чадвар, зэрэглэл тогтооно гэж заасан ч аль байгууллага, ямар аргачлалаар, хэрхэн хийх талаар тодорхой заалт байхгүй.
🤔 Үүнээс үүдэн банк болон ББСБ-ууд иргэн, ААН-ийн зээлжих зэрэглэлийг тогтоохдоо өөр өөрийн аргаар үнэлж, зээлийн үнэлгээ жигд бус тогтож байна гэж үзэж байгаа аж.
🆕 Шинэ хуулиар: Тиймээс зээлжих зэрэглэлийг Монголбанкнаас баталсан онооны аргачлалаар тогтоох, мөн зэрэглэл тогтоох хугацааг зээлдэгчийн сүүлийн 6 жилийн зээлийн мэдээлэл гэснийг 6 хүртэлх болгон өөрчлөх аж.
🗣️ ББСБ-ын салбарт юу болоод байна?
Өнгөрсөн сард СЗХ ББСБ-аас иргэд хэрэглээний зээл ихээр авч байгаатай холбоотойгоор өр орлогын харьцааг 60:40 болгоод буй. Мөн ББСБ-уудын олгож буй хэрэглээний зээлийг хумьж оронд нь бизнесийн зээлийг нэмэгдүүлэх зорилгоор банкнаас эх үүсвэр татдаг явдлыг зогсоосон билээ. Оронд нь ББСБ-ууд банкнаас бус гаднаас санхүүгийн эх үүсвэр татдаг болсноор зээлийн хүү бууруулах, эрсдэлээ удирдах боломж бүрдэнэ.
Юутай ч нэг талаас зээл авагчдын зээлжих оноог илүү тодорхой, ил тод аргачлалаар тодорхойлж санхүүгийн хүртээмжийг нэмэх асуудал яригдаж байгаа бол нөгөө талд ББСБ-ын банкнаас хараат байдаг асуудлыг цэгцлэх томоохон шинэчлэл хийхээр зэхэж байна.