SKYtel-н 2 том хувьцаа эзэмшигчийн нэг Алтай холдинг тус компанид хувь эзэмшихээ больжээ. Юу болоод байна вэ?
🌅 Нэгэн бүлгийн төгсгөл
1999 он. Энэ бол SKYtel буюу 2 дахь оператор компани үүсэн байгуулагдсан жил. Үүнээс хойш 11 жилийн турш SKYtel-г Монгол, Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар удирдсан байдаг. Харин 2010 онд Алтай Холдинг болон Шунхлай Холдинг Солонгосын талын хувь эзэмшлийг бүрэн худалдаж авснаар SKYtel 100% Монголын хөрөнгө оруулалттай болж байсан билээ. Харин одоо SKYtel-н ирээдүй Шунхлай Холдингоос бүрэн хамаарах нь дээ.
🌁 Өндөрт гараагүй тэнгэр: SKYtel анх Тэнгэрийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байв. Байгуулагдсан цагаасаа хойш нийт зах зээлийн дунджаар 18%-ийг эзэлж байсан. Хамгийн оргилдоо 2009 онд 22.3%-ийг эзэлсэн аж. Үүнээс байр суурь нь тасралтгүй унасаар 2015 онд 15%-д хүрч байв. Харин өнгөрсөн оны хагас жилийн байдлаар энэ тоо 18.2% байна.
🧐 Асуудал = Засаглал
Өнгөрсөн хугацаанд SKYtel-н 2 том хувьцаа эзэмшигч тус компанийн менежментийг сонгуулийн зарчмаар буюу 4, 4 жил орчмоор ээлжилж хариуцаж ирсэн гэдэг шуум бий. Иймдээ ч тэдний хувьд 41 үндсэн салбар, 26 гэрээт салбар, 5,300 гаруй гэрээт борлуулагчтай, 25 жилийн туршлагатай хэдий ч зах зээл дэх байр суурь, бүтээгдэхүүн хөгжүүлэлт нь ч нэг их гавихгүй л байна даа.
‼️ Засах уу, замхрах уу: Одоо SKYtel-н эзэмшил өөрчлөгдсөнөөр цаашид засаглалаа сайжруулж, менежментээ шинэчлэх асуудал гарч ирж байна. Яг бизнесийн зарчмаар бүтээгдэхүүнээ сайжруулж хэрэглэгчдээ татахгүй бол энэ салбарт гуравхан жилийн түүхтэй ONDO-н зах зээлд эзлэх байр суурь л гэхэд 4% руу ойртсон цөвүүн цаг даа.
Эцэст нь… Саяхан Тапа болон ABA компаниуд нэгдэж байсан бол одоо SKYtel-н хувьд том өөрчлөлтийг хийжээ. Тайван байсан бизнесийн талбарт маань хөдөлгөөн нэмэгдэж байна уу даа. Ямартай ч Шунхлай Холдинг SKYtel-н логог сагсан бөмбөгийн багийн цамцан дээр хэвлэхээс илүү зүйл хийнэ гэж хүлээж байя даа.